БАЯНХОНГОР: Жолооч нарт нөлөөллийн ажил зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-07 15:32:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газраас "Аажуу явбал аяндаа хүрнэ дээ" үйл ажиллагааны хүрээнд Өлзийт сумын Эрүүл мэндийн төвтэй хамтран тус сумын нутаг дэвсгэрээр дайран өнгөрдөг улсын чанартай авто замын хөдөлгөөн зохицуулах Хяналтын цэгт нөлөөллийн ажил зохион байгууллаа. 

Тус аймагт оны эхний таван сарын байдлаар зам тээврийн осол 63 бүртгэгдэж, 11 хүн амиа алдаж, 40 хүн гэмтэж бэртсэн байна. Урин дулааны улиралд осол хэргийн улмаас хүний амь хохирсон тохиолдлыг судалж үзэхэд, дийлэнх нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох, техникийн хувьд бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, хурд хэтрүүлэн явснаас үүдсэн зам тээврийн осол зонхилж байгааг албаныхан хэлж байна.

Нийт иргэдийг замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хангаж зорчихыг тус газар зөвлөлөө. Мөн жолооч нарыг зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулан хамгаалах бүсээ бүсэлж, хөдөлгөөнд оролцох, жолоодох эрхийн үнэмлэхгүй, насанд хүрээгүй хүнд жолоогоо шилжүүлэхгүй байх, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, насанд хүрээгүй хүүхдийг зориулалтын суудалд суулгаж, аюулгүй байдлыг нь хангахыг анхааруулав.

Холбоотой мэдээ