БАЯНХОНГОР: Бичигтийн ам бол Байгалийн галерей

ОРОН НУТАГТ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-07-20 14:39:00

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт орших Их Баян уулын Бичигтийн ам хэмээх Алтайн нурууны сүрлэг уулын амны өвөлжөөний нөмөр хаданд одоогоос олон мянган жилийн өмнөх үед хамаарах хадны сүг зураг дүрслэгдсэн байдаг.

Энэ бол хүн байгалийн гайхамшигт зохицол гэмээр зохиомж бөгөөд урлагийн талаас эртний хүний сэтгэмж дүрслэлийн хэв баригдмал бус сэтгэлгээг шууд харахаас гадна байгалийн өнгө будаг түүнийг хэрхэн гоёсон байгааг мэдрэх юм.

Бичигтийн амны хадны зургийн онцлог бол дүрслэлээс гадна байгалийн хадыг цоолборлон дүрсэлсэн дүрс он цагийн эргэлтэнд алтадмал шарга бэхээр будсан мэт болж тогтсонд оршино.

Говийн бүсийн хадны зургийн онцлог бол эртнээс тухайн газар зохицон амьдарч ирсэн тэмээ билээ.


“Монгол Алтайн нурууны хадны зургийн цогцолбор”-ыг 2011 онд Дэлхийн өвийн Жагсаалтад coёлын ангиллаар бүртгэсэн.

Алтайн нурууны хадны зургийн дотор хэлбэр агууламж төдийгүй өнгө үзэмжийн хувьд хосгүй гайхамшигтай дурсгал бол Бичигтийн амны хадны зургийн цогцолбор юм. Он цагийн хувьд хүрлийн үед /3–1 дэх мянган жил/ хамаарах боловч түүхийн олон цаг үед хамаарах дурсгал байна



Бичигт хадны зурагт янгир, буга, гахай, тэмээ, ирвэс, гөрөөс, нохой, үхэр зэрэг амьтдын бүл сүргээрээ болон ганцаар тодолсон элдэв хөдөлгөөн дүрс, буга, янгир зэрэг ан авыг нум сумаар агнаж буй морьтой явган хүмүүс, тэрэгтэй морьтон, нум саадаг зэр зэвсэг агссан хуягт дуулгат эрс, үүл борооны явдал үйлдэж буй хүмүүс, ан амьтад, хүн малын үржихүйн бэлгэдэлт үйлийг дүрсэлсэн унагатай гүү, азарга гүү гишгэж байгаа, хээлтэй гүү, эхийгээ хөхөж буй бугын иил зэрэг амьтадын амьдралын олон явдал дэлгэгдэн дүрслэгдсэн байна.

Энд сонирхол татсан нэгэн зураг бол анжисанд үхэр хөллөөд газар хагалж буй хүнийг дүрсэлсэн зураг. Энэ зургийг МЭӨ-||| мянган жилийн өмнөх үеийн бүтээл гэж үздэг. Үүнээс үзэхэд энэ нутагт оршин суугчид 3000 жилийн өмнө малын хүчийг тэргэнд хөллөн ашиглаж газар тариалан эрхэлж байсны нотолгоо юм. Иймээс энэ зураг нь Дэлхий дээр хамгийн анх түрүүн тэрэг бүтээсэн ард түмний нэг нь Монгол гэдгийг харуулж байгаагийн илэрхийлэл гэж нэгэн судлаач хэлсэн байдаг.

Холбоотой мэдээ