ЗАСГИЙН ГАЗАР: Аи-92 шатахууны гаалийн албан татварыг тэглэсэн хугацааг он дуустал сунгав

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-07-27 13:49:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын ээлжит хуралдаан болж, Ерөнхий сайд зарим үүрэг даалгаврыг холбогдох сайд, албаны хүмүүст өглөө.

Тодруулбал, Улаанбаатар-дарханы чиглэлийн автозамын бүтээн байгуулалт болон Зүүнбаян болон Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын төслийн ажлын явц удааширч буйг тэмдэглэн хэлж, алдагдсан боломжийн өртөгийг тооцон АТГ-т албан тушаалтнуудын ашиг, сонирхолын зөрчилтэй байсан эсэхийг хянан шалгахыг даалгалаа.

Мөн Төрийн хяналтын тухай хуулийн хэрэгжилтэд аудит хийх хүсэлтийг Үндэсний аудитын газарт хүргүүлэх талаар Засгийн газрын ХЭГ-т үүрэг өгөв.


Мөн өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдын түвшинд Сингапур улсад 11 жилийн дараа хийсэн айлчлалын үр дүн болон тус айлчлалтай холбоотой авч хэрэгжүүлэх төлөвлөөг баталлаа. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Аи-92 автобензинийн Гаалийн албан татварыг тэглэх шийдвэрийг сунгав. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээлэл өгөв. Тэрбээр, АИ-92 бензиний гаалийн албан татварыг 8 дугаар сарын 1-нийг хүртэл чөлөөлсөн байсан. Энэ арга хэмжээг он дуустал сунгаж, литрийг нь 2390 төгрөгөөр борлуулах чиглэлээр Засгийн газрын тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан. Оны эхнээс өнөөдрийг хүртэл газрын тосны бүтээгдэхүүн, түүхий тосны үнэ 70-80 хувь өссөн. Үүнтэй холбоотойгоор гадаадын зарим улс орнууд янз бүрийн арга хэмжээ авч байгаа бол зарим нь ямар ч зохицуулалт хийхгүйгээр зах зээлийн үнээр нь борлуулж байгаа хэмээв.

Холбоотой мэдээ