ХОВД: Өвөлжилтийн бэлтгэл хангах асуудлаар зөвлөлдөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-07-28 13:45:37

Ховд /МОНЦАМЭ/.   Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан өнөөдөр Ховд аймагт ажиллаж байна.

Тэрбээр баруун бүсийн таван аймаг болох Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгийн Засаг дарга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга, холбогдох мэргэжилтнүүдтэй уулзалт хийлээ. 

Энэ үеэр хөдөө аж ахуйн салбарт Засгийн газар болон салбарын яамнаас авч хэрэгжүүлж байгаа бодлогыг танилцуулж, 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах талаар зөвлөлдлөө. 

Зуны саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан буюу олон хоногоор хэт халуун үргэлжлэх, гэнэтийн аадар бороо орж болзошгүй байна. Мөн малын гоц халдварт өвчний эрсдэл өндөр, малын тоо толгойн хэт өсөлт, бэлчээрийн даац багтаамж жилээс жилд багасаж байгаа тул 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг эртнээс хангах шаардлагатай. Иймээс зуншлага тааруу байгаа аймаг, сумдын отор нүүдлийн судалгааг гаргаж, мал эмнэлгийн халдварт өвчний тархвар зүйн судалгаатай уялдуулан урьдчилан сэргийлэх арга хэмжээнд бүрэн хамрагдсан малын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг зохион байгуулах талаар онцгой анхаарах шаардлага тулгарч байна гэж албаныхан онцоллоо.   

Хатуу цагийг бэрхшээлгүй давахын тулд хөдөө аж ахуйн салбарынхан эрсдэлийг түрүүлж харах, асуудлаа тооцоолдог чадамжтай байх ёстой. Иймээс өнөөдрийн цаг агаарын сайханд хуурталгүй өвөл, хаврыг өнтэй давахын тулд намрын их ажилд ханцуй шамлан орох хэрэгтэй гэдгийг ийнхүү баруун таван аймгийн холбогдох албан тушаалтнуудад санууллаа.  

Мөн эх орныхоо хүнсний хангамж, аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулж, гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийхээ хэрэгцээг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах зорилт дэвшүүлсэн. Энэхүү зорилтыг хангахад аймгийн Засаг дарга нар, хөдөө аж ахуйн газрын дарга, мэргэжилтнүүд, мал эмнэлгийн эмч, ажилтнууд, малчин, тариаланчдын оролцоо чухал. 

Малаа худалдан борлуулах, өвс, тэжээл нөөцлөх, бэлчээрийн усан хангамжийг сайжруулахад анхаарч малчдыг зөв мэдээ, мэдээллээр хангах, орон нутагт шаардлагатай арга хэмжээг авах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хэллээ. 

 

Холбоотой мэдээ