БНСУ-д “Сонгодог урлаг” арга хэмжээ зохион байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-04 09:06:10
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УДБЭТ-ын БНСУ дахь төлөөлөгч, Монголын балетын урлагийн холбооны гишүүн, БНСУ-ын Сувон хотын “Жин Арт” төвийн ахлах багш Д.Одмаагийн санаачлан зохион байгуулсан “Сонгодог урлаг” арга хэмжээ 8 дугаар сарын 3-ны өдөр БНСУ-ын Сүвон хотноо болжээ.


Тус арга хэмжээнд Монгол Улсаас БНСУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Сарантогос, атташе П.Содгэрэл, УДБЭТ-ын балет ангийн дасгалжуулагч МУГЖ Х.Гэрэлчимэг, дуучин Б.Батжаргал болон уран бүтээлчид, БНСУ-д ажиллаж амьдарч буй монгол иргэд, төрийн бус байгууллагуудын төлөөлөл оролцжээ. Энэ үеэр Монгол, Солонгосын соёл урлагийн байгууллагуудын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх, БНСУ-д оршин сууж буй монгол иргэд, залуучуудад сонгодог урлагийг танилцуулах, суралцахад чиглэсэн арга хэмжээ, сургалтыг зохион байгуулах талаар санал солилцсон аж.


Арга хэмжээний үеэр “Уран хас” бүжгийн жүжгийн адажио, “Парисын дөл” бүжгийн жүжгийн хослол бүжиг болон балетын ганцаарчилсан үзүүлбэрийг УДБЭТ-ын бүжигчид бүжиглэн, “Монголын тал нутаг”, “Травита” дуурийн хундаганы дууг дуучин Б.Батжаргал дуулж сонирхуулсан байна.


2022 оны 07 дугаар сарын 27-ноос 30-ны хооронд Сөүл хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын 15 дахь удаагийн тэмцээнд амжилттай оролцон алтан медаль хүртсэн гоцлооч бүжигчин Ө.Мөнхжин, мөнгөн медаль хүртсэн бүжигчин Б.Хулан, хүрэл медаль хүртсэн бүжигчин Г.Нямцэрэн, О.Даваадорж, сурагч Бөртэ-Үжин, Дөлгөөнням нар болон дасгалжуулагч багш Х.Гэрэлчимэг, н.Есөнзаяа нарт Монголын балетын хөгжлийн түвшин, балетчдын ур чадварыг дэлхийн тавцанд харуулсан явдалд Элчин сайд Э.Сарантогос халуун баяр хүргэж, цаашдын уран бүтээлд нь өндөр амжилт хүсжээ.




Холбоотой мэдээ