ДАРХАН-УУЛ: Стратегийн түншлэлийн түвшинд НҮБ хамтран ажиллана

ОРОН НУТАГТ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-19 21:51:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал өнөөдөр Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра, НҮБ-ын хөтөлбөр зохицуулагч, эдийн засагч Сан Вон Лим болон бусад албаны төлөөллийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга зочид, төлөөлөгчдөд хандан: “Шинэ сэргэлтийн бодлого-Тогтвортой хөгжлийн зорилго” форумд хүрэлцэн ирж оролцсонд талархал илэрхийлээд НҮБ-аас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүдэд аймаг орон нутаг оролцоход бэлэн байгаагаас гадна Дархан-Уул аймагт олон талт арга хэмжээг хамтран зохион байгуулж, дэмжин ажиллах бүрэн боломжтойг онцолсон юм.


Монгол Улс дахь НҮБ-ын Суурин төлөөлөгч Тапан Мишра хэлэхдээ: “НҮБ-ын орон нутгийн богино хугацааны жижиг төслүүдийг Дархан-Уул аймагт хэрэгжүүлэх боломжтой. Гэхдээ бидний зүгээс Дархан-Уул аймагтай стратегийн түншлэлийн түвшинд хамтарч ажиллахад бэлэн байна” гэв.


Мөн 2022 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болох “Тогтвортой хөгжлийн зорилтуудын нээлттэй өдөрлөг”-т оролцож Дархан-Уул аймгаа илүү их сурталчлан, алсын хараагаа танилцуулж гадаад, дотоод хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэхийг хүслээ.

Холбоотой мэдээ