УЛСЫН БАГА ХУРЛЫН 1991 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн хуралдааны тэмдэглэлээс

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2022-08-23 08:22:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ өдрийн хуралдаанаар Үндсэн хуулийн /Их цааз/-ийн төслийг хэлэлцжээ. Тэдгээрээс Монгол Улсын төрийн байгуулал гэсэн 3 дугаар бүлгийн дэд хэсэг УИХ-ын бүтцийг  хэрхэн хэлэлцсэн тэмдэглэлээс үргэлжлүүлэн уншигч танд хүргэе.


Р. Гончигдорж:- За 22 дугаар зүйл зарчмын санал байхгүй бол 23 дугаар зүйл дээр. 23 дугаар зүйл дээр саналгүй бол 24 дүгээр зүйл дээрээ яръя.

С. Баярцогт:-23 дугаар зүйлийн хувьд найруулгыг нь анхаарна биз дээ. Амьгүй юманд тангараг өргөөд байгаа юм шиг санагдаж байна. Хуралдаа өргөвөл яасан юм бэ? Би бол дэд дарга, нарийн бичгийн дарга гэдгийг байхгүй болгоод, спикерийг дэвшүүлье гэсэн санал тавьж байгаа юм. Тэр бол ратаци хийхэд бүр илүү. Тамгын газрын дарга гээд 1 хүн байх юм бол тэр чинь гадаад функцийг нь тэртэй тэргүй гүйцэтгэчихэд боломжтой гэсэн санал хэлээд байна. Яахав ингэж болох юм. Америкт сенатын дарга нь дэд Ерөнхийлөгч 1 хүн явчхаж байгаа тиймээ, тэр хүн бол бараг даргалахгүй байгаа шүү дээ. Тэр хоорондуур нь олонхын даргын саналуудаар гарч байгаа шүү дээ. Тийм болохоор олонхын дарга бол яг ажил үүрэг дээрээ дандаа даргалж байгаа гэсэн энэ шинжийг илүү давамгайлж гаргаж өгөх. Би бас өөрөө эмзэглээд байгаа зүйл нь юу вэ гэвэл хэрэв энэ хүн бодлого хийдэг дарга болчихвол нөгөө 2 ратаци хийсний дараа, нөгөө 2 гүйцтгэх засаг, Ерөнхийлөгч энэ төртэй харьцах харьцаан дээр илүү хүчтэй эрх мэдэлтэй болох, тэд нарын харьцаа нэлээн хүндрэлтэй болж байгаа юм даа.

С. Төмөр:- Энэ дээр товчхон тайлбар хэлэх үү. Энэ нарийн бичгийн дарга шинээр авсан. Энийг гишүүдийн урьдчилан хэлэлцсэн саналаар орсон. Хоёрдугаарт , хэрэв УИХ-ын дарга спикер гэдэг бидний ойлголтоор байх юм бол Ерөнхийлөгчийг орлох тухай асуудал гарч ирэхгүй болчихож байгаа юм.

С. Баярцогт:- Ерөнхийлөгчтэй холбогдох асуудлууд дээр сонгуулийн механизмаа маш түргэн шийдэхгүй бол, яахав Ерөнхий сайд үүргийг нь гүйцэтгэж болно.

С. Төмөр:- Ерөнхий сайд гүйцэтгэсэн тохиолдолд бид Ерөнхийлөгчийн засаглал руу орох тийм асуудал гарч ирнэ.


С. Баярцогт:- Би номоор үзэх гээд байгаадаа биш л дээ.

Ц. Элбэгдорж:- Хэн нэр дэвшүүлэх вэ? Хаанаас дэвшүүлэх вэ Их хурлын гишүүд дотроосоо 1 нь босоод дэвшүүлэх юм уу яах юм бэ?

С. Төмөр:-Тэр тийм байж болно. Тэр бол олонхын суудал авсан нам дэвшүүлэх тухай асуудал гарах байх.

Р. Гончигдорж:- Хэн нэр дэвшүүлэх вэ? Ямар субъект нэр дэвшүүлэх вэ гэдэг байдлын тодруулга хэрэгтэй байна. Дэд дарга гэж байх уу, үгүй юу, нарийн бичгийн дарга гэж байх уу, үгүй юу. Яахав Их хурлын дарга гэж байх юм. Дарга нь дараачаар нь ямар эрх мэдэл, ямар үүрэгтэй байх юм. Спикерийн хэмжээнд хязгаарлагдах юм уу, эсвэл одоогийн баримжааны хэмжээнд байх юм уу гэсэн ийм зүйл байна. Тэр нь дараачаар нь нөгөө эрх үүргийн хуваарилалтаараа тэндээс харагдана шүү дээ. Одоо бол энд зөвхөн нэг их юу яахгүй байгаа. Нарийн гараагүй байгаа. Тийм учраас тэр болгон дээр яриад явж болно. Энэ үүргийг Их хурлын даргад өгөх үү үгүй юу. Энэ эрхийг өгөх үү үгүй юу гэдэг дээрээ яриад явчхаж болно. Тэгээд хамгийн сүүлд харсан чинь одоо ямар байдалтай болох нь вэ гэж. Ратацитай холбоотой асуудал зайлшгүй байгаа, ялангуяа хаанаас нэр дэвшүүлж сонгох вэ гэдэг асуудлынхаа хувьд тэр нь намуудын олонх, цөөнхийн гэдэг байдлаар илэрхийлэгдэн, тэр зайлашгүй гарч ирнэ, тэр үед тэрийгээ хэлэлцье. Тэгэхээр ямар санал байна вэ? Дэд дарга байх уу, нарийн бичгийн дарга байх уу. Эндээс хасъя гэсэн санал алга.

С. Төмөр:- Спикер байсан тохиолдолд заавал орлогч байхгүй гэж болохгүй шүү дээ.Бусад оронд бий шүү дээ. Спикерийн орлогч гэдэг утгаараа байдаг шүү дээ.

Б. Галсандорж:- Энэ дээр бодох юм их бий л дээ. Тэр саяын асуулттай холбогдуулаад 4 жил байх уу гэдэг дээр бодолцмоор байна. Тэр гишүүдийн дотроос гэж оруулчихсан байгаа. Хэн дэвшүүлэх гэдэг бол ойлгомжтой болчхож байгаа юм. Яагаад гэвэл мэдээж олох авсан нам сонгоно. Олонх авснаар нэр дэвшүүлээд оруулчих юм бол усад  намууд нэр дэвшүүлэх бололцоог хаачхаж байгаа юм. 1 дүгээрт. 2 дугаарт, ерөөсөө олонх ч авахгүй байж магадгүй. Тогтвортой болоод тэнцвэртэйгээр хуваагаад авчхаж болно. Аль ч нам олонх болохгүй байж магадгүй. Тийм учраас гишүүдээс нэр дэвшүүлнэ Тэгээд олонхоор шийднэ шүү дээ. Тэр зарчмаар явчихмаар байгаа юм. Тийм учраас субъект тодруулах шаардлага байхгүй.


Р. Гончигдорж:- Энд бол гишүүдийн дотроос нэр дэвшүүлнэ гэж байна шүү дээ. Тэрийг өөр субъектэд нэр шилжүүлэх үү, үгүй юу эрхийн асуудал. Энэ дээр тодорхой санал байна уу.

С. Баярцогт:- Хэрэв гишүүнээс сонгогдоно гэвэл дийлэнх авсан намын парламентын бүлгийн удирдагч нь шууд Бага хурлын даргаар дэвшигдэнэ. Аль нь ч олонх аваагүй тохиолдолд жилээрээ байдаг юм уу, тэгшхэн авсан намуудын дарга нар ээлжилж удирдах тийм систем рүү орж болох юм гэсэн ийм санал байна.

Н. Сампилноров:- Тэгэхээр ийм байна л даа. УИХ-ын дарга , дэд дарга, нарийн бичгийн дарга бол гурвуулаа байх ёстой гэж би үзэж байна, 1 дүгээрт. Яагаад вэ гэвэл энэ даргалах дарга бол бодлогын чанартай асуудлаа барьж явахгүй бол улсын зүгээр проблемын чанартай байх юм бол энэ чинь бодлогын асуудал нь байхгүй болчихно. Бодлогын чанартай асуудлаа барьж явах нь зүйтэй. Тийм учраас дад дарга, нарийн бичгийн дарга байх ёстой гэж хэлэх гэсэн юм. УИХ-ын дарга , дэд дарга, нарийн бичгийн даргыг олонхын санал авсан намаас нэрийг нь дэвшүүлж гаргаж ирэх нь зүйтэй юм.Тэрүүгээрээ сонгуульд нууцаар санал хураах журмаар явуулах нь зөв байх. Хуучин бид АИХ-ын хуралдаанаас яаж сонгож байлаа, тийм журмаар явах.

Д. Ламжав:- Засгийн газар, ер нь хийгдэх бүх юмыг олонхын намууд гээд байхаар энэ зовлонтой байдал үүсэхгүй, энд ямарваа нэгэн комиссоос Чимид гуай ямар бодолтой байна вэ?

Б. Чимид:- Би энийг Үндсэн хуулийн асуудал биш, парламентын дотоод асуудал, тийм учраас Их хурлын хуулиараа тодорхойлно гэж бодсон юм. Хэн ч байж болно. Их хурлын 75 гишүүний хэн ч дарга байж болно, тийм бололцоог нь гаргах ёстой. Парламентын гадна байгаа байгууллага биш. Тэгвэл хороон даргаа яаж дэвшүүлэх вэ? Орлогчоо яаж дэвшүүлэх вэ? Нарийн бичгийн даргаа яаж дэвшүүлэх вэ? 3 гурваар нь авах уу гэсэн ийм олон асуудал гарна, тийм учраас хэрэггүй зүйл.


Н. Сампилноров:- Их хурлын дарга чинь сүүлдээ Ерөнхийлөгчөө орлох тийм тохиолдол гарахгүй юу Чимид гуай. Тэгэхээр зэрэг асуудал ондоо болчих гээд байх шиг санагдаад байх юм.

Б. Чимид:- Ерөнхийлөгчөө албан ёсоор орловол Их хурлын даргаас гарна /тэр хугацаанд/. Зүгээр ганц, 1 хоног байх нь урсгал асуудал

С. Баярцогт:- Ерөнхийлөгч аль тал руугаа багтаж байгаа вэ?

Б. Чимид:- Их хурал тал руугаа багтаж байгаа, тийм учраас Ерөнхийлөгчөө удаан хугацаагаар орловол Их хурлын даргаас чөлөөлөгдөнө гэж энд оруулсан байгаа. Тэр тохиолдолд орлогч дарга нь даргын үүрэг гүйцэтгэнэ.

С. Баярцогт:- Гүйцэтгэх тал руугаа ингэж багтаж байгаа юм бол харин Ерөнхий сайд байх юм биш үү?

Б. Чимид:- Төрийн тэргүүн гэдэг утга нь алдагдчихаад байгаа юм.

Р. Гончигдорж:- За хажуугаас орж ирсэн саналуудаар санал хураалт явуулъя.

Д. Балдан-Очир:- Энэ 3 хүн чинь одоогийн байгаагаараа гэж ойлгож болох уу, Таслах эрхтэй байх  гэж ойлгож болох уу? Р.Гончигдорж:- Одоо гишүүд дотроос гарч байгаа учраас бүр маргаангүй л баймаар юм.

Д. Балдан-Очир:- Гаднаас байж болохгүй юу?

Р. Гончигдорж:- Үгүй, 75 гишүүн дотроосоо. За хажуугийн саналууд дээрээ санал хураагаад олонхын дэмжлэг авахгүй бол энэ загвараараа явъя. Энэ дээр ийм 2 асуудал дээр санал хураахаар боллоо шүү Олонхын суудал авсан намаас дэвшүүлэх гэсэн ийм 1 санал байна. Энэ дээр дараа нь санал хураая. Дараачаар нь бүрэн эрхийн хугацаа 3 жилээр болгох уу? За 25 дугаар зүйл дээр...

Л. Цог-Очир:-25 дугаар зүйл дээр Их хурлын бүрэн эрхэд хамаарсан явж байгаа. Хуулийн тайлбар гаргах эрх байх уу, гэдэг асуулт. Бага хуралд бол байгаа шүү дээ. Их хурлын энэ 10 хэдэн асуудал дотор байхгүй юм, 1 дүгээрт. Хоёрдугаарт, 11 дээр өршөөл үзүүлэх тухай шийдвэр гаргах гэж байгаа юм. Гэтэл шүүхийн хуулийг бид нар хэлэлцэх байхдаа шүүхийн шийдвэр эцсийнх гэж ярьж байсан. Энэ 2 яаж авцалдах вэ?


Р. Гончигдорж:- Өршөөл үзүүлэх асуудлаар шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна гэдэг хоёрын хооронд зөрчил байна уу, үгүй юу гэдэг асуудал, энэ дээр тайлбар сонсъё.

Б. Чимид:- Хуулийн тайлбар гаргахыг Үндсэн хуулийн шүүхэд, бусад хуулийг нь Дээд шүүхэд өгсөн байгаа. Тэгэхээр тайлбар гаргах, Их хурал хууль гаргадаг учраас тэрнийхээ тухай ярина гэдэг тайлбар асуудал байж болно. Зэрэгцүүлж хийвэл хэрэггүй юм. Үүсмэл функц, нэгэнт хууль гаргаж байгаа бол тэрийгээ тайлбарлаж болно.

Л. Цог-Очир:- Логик утгаараа эрх байна гэж ойлгож болох уу?

Б. Чимид:- Тэгж ойлгож болно. Яагаад вэ гэвэл цаана нь хуулийн тайлбар гаргадаг 2 байгууллага байгаа. Өршөөл бол шүүн таслах ажил биш. Төрийн хууль тогтоох ажлын хэсэг л дээ. Өршөөлийн шийдвэр гаргаж байгаа шүү дээ. Өөрөөр хэлбэл эрүүгийн хууль гаргана гэсэн үг.

Л. Цог-Очир:- Ерөөсөө шүүхийн шийдвэрийг цуцалж байгаа асуудал биш, тусдаа шийдвэр гаргаад өршөөл үзүүлж байгаагаараа 1 ойлголт болмоор юм. Нөгөө утга нь бол нөгөө жинхэнэ шийдвэрээр ял эдэлж байгаа хүнийг ялаас чөлөөлчхөж байгаа болохоор тэр шийдвэртэй холбогдож байна уу, үгүй юу гэдэг 1 асуудал

Б. Чимид:- Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр хэвээрээ үлдэнэ.

Л. Цог-Очир:-УИХ-ын ээлжит чуулган хагас жил тутамд 1удаа 75-аас доошгүй хоног хуралдай гэж байгаа юм. Одоогийн энэ журмаар ч хуралдай нь л дээ. Тэгэхээр одоогийн Бага хурлын дуулиантай адил болж байна шүү дээ. Тэгэхээр одоо бидний энэ хуралдаж байгаа чинь ажлын 75 өдрөөр тооцоход нөгөө хороон дээр хуралдсан өдрөө гаргаад тооцвол  үнэхээр шахуу байгаа шүү дээ. Хууль хэлэлцдэг, хуралддаг энэ горим маань цаашаа яваад байх юм уу? 75 гэдэг маань болж байна уу гэж байгаа юм . Энийг өөрөөр харж үзэж....


Р. Гончигдорж:-Хоног нь цөөн байна гэдэг талдаа байна уу, олон байна гэдэг талдаа байна уу?

Л.Цог-Очир:- Олон байна гэдэг талдаа байна. Хороон дээрээ чөлөөтэй ажиллаад хуулиа боловсруулаад, яг бүгдээрээ цуглаж ингэж суугаад тэр өдөр, цагаа багасгах талаасаа бид нар харж үзэх ёстой юм шиг Энэ хүртэл биш, доошгүй юм шиг байна. Тийм учраас учраас ийм зүйл гарч байна л даа. Гуравдугаар хэсэг дээр Их хурлын нийт гишүүний дийлэнх олонхын ирцтэйгээр хуралдана. Өөрөөр хэлбэл сая 67 хувь буюу 50-иас доошгүй гэсэн үг. Олонхын саналаар шийдвэр гарах нь ээ. 75 гишүүнээс 26-гийнх нь саналаар шийдвэр гарч байх нь л дээ. Тэгэхээр дийлэн олонх гэдгийг жаахан дээш нь татаж болохгүй юм уу. Манайх бол 75 хувийн гэж байгаа шүү дээ. Тэр хүртэл татвал яасан юм бэ гэсэн санал байна. Ийм 2 зүйл байна.

Т. Очирхүү:- Тэгэхээр 27 дугаар зүйлийн 3 дээр Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын санаачилгаар ээлжит бус чуулган хийдгийг хэрэггүй байх гэж бодож байна. Харин зүгээр УИХ-ын анхдугаар чуулган, УИХ-ын үйл ажиллагаагаа дуусгаж байгаа энэ 2 зүйлийг бол Ерөнхийлөгч товлон зарлаж, зарлан мэдэгдэж болох юм гэж бодож байна. Яг жинхэнэ УИХ бүрэлдсэний дараагаар УИХ-ын чуулган гэсэн ажлын гол байгууллага энэ Ерөнхийлөгч зарлан хуралдуулдаг, ийм зүйлийн санаачилгыг өгөөд хэрэггүй биз ээ гэж бодож байна. Тийм учраас Ерөнхийлөгчийн гэснийг хасъя гэсэн санал байна.

Ш. Шагдарсүрэн:-Ерөнхийлөгч анхдугаар чуулганыг зарлан хуралдуулах нь л дээ тийм үү. Тэгэхээр тэр чинь 1 тодорхой хугацааны дараа хуралдах байх гэж бодоод байгаа юм. Тийм хугацаа байх уу, үгүй юу. Хэрэв байдаг бол 1 газар хийж өгөх ёстой, энэ хавьцаа ч юм уу. Сонгогдсоноос нь хойш төдий хугацааны дотор ч гэдэг юм уу, тэгэхгүй бол энийг чинь хэзээ ч зарлаж болмоор юм шиг иймэрхүү ойлголт төрж байгаа юм л даа. Нэг юм нэмчихье гэсэн юм.


Р. Гончигдорж:- Эрхэм гишүүдээ эхлээд 28, 29 дүгээр зүйл дээрээ саналаа ярьж дуусчхаад дараа нь эхнээс нь санал хураая. Одоо бол 27 дугаар зүйл дээр ярьж байна.

П.Улаанхүү:- 27 дугаар зүйлийн 3 дээр Их хурлын гишүүдийн олонх шаардсанаар гэж байна л даа. Энэ бол бүтэхгүй зүйл л дээ. Олонхыг бүрдүүлэх тийм механизм байхгүй. Гадаадын парламентын жишээ бол 6-ны 1 юмуу, 5-ны 1 хүртэл бүр доош нь оруулж өгсөн байна. Бид нар тийм тодорхой юмнуудыг хүргэлдэггүй шүү дээ. Дийлэнх олонх, олонх гэсэн ийм юм хэргэлдэг. Тийм учраас тодорхой юм руу доош нь оруулж 5-ны 1 гэх саналтай байна. Ерөнхийлөгч УИХ-ын дарга гэсэн байна, дээр нь Ерөнхий сайдыг нэмж өгмөөр байна. Энэ хэрэв дээгүүр байгаад байх юм бол хурлын үйл ажиллагаа тасалдуулаад байдаг ийм бүдүүлэг систем болно. Тийм учраас би олонхын механизмыг доош нь болгоод, ийм юмаар бид хийх ёстой Цалин хасаад, арга хэмжээ аваад юу ч бүтэхгүй.

Д. Ламжав:- Энэ парламентын гишүүд 50 хувь дээрээ сонгууль эхлэхэд тэр парламентын ажиллагаа зогсохооргүй байх ёстой. Тийм учраас парламентын гишүүдийн 50 хувь ирсэн байх юм бол энэ бол кворум гэж би хэлмээр санагдаж байна.

Гү. Лхагважав:- Дийлэнх гэдэг үгийг хүмүүс хасна гэж байна шүү дээ. Тэнд би тайлбар хийе гэж бодож байгаа юм. Хэрэв тэр дийлэнх гэдэг үгийг хасахгүй бол хүчингүй чуулган дээр шийдвэр гарчих гээд байна шүү дээ. Яагаад гэхээр тэр дийлэнх олонх руу ирж байж хүчинтэй болж байдаг чуулган нь, тэгсэн мөртлөө шийдвэрээ олонхоор гаргана гэдэг чинь чуулган нь хүчингүй мөртлөө шийдвэрээ нь гарч болдог ийм юм болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр яагаад энийг ингээд хасчих хэрэгтэй байна вэ гэхээр... , хэрэв тэгж ойлгож байгаа энэ айхтар юм болж байгаа юм. Ялан гуяа 75 болж байх юм бол 10 хүн байхад хангалттай. Яг ийм тохиолдолд 3-ны 1 рүү авч ирэх ёстой. Яагаад 3-ны 1 рүү авч ирэх гээд байна вэ гэхээр энд бид чинь ингээд байгаа байхгүй юу, НҮБ гэхээр 3-ны 1 хийгээд болоод байна шүү дээ. Энд чинь шал өөр хүмүүс орж ирээд, би жишээлбэл хэзээ ч мал эмнэлгийн юмыг ойлгож чадахгүй, тэгэхдээ энд суувал дэмий юм яриад салахгүй болно. Тэгэхээр энийг малаа мэддэг хүн нь хийх ёстой байхгүй юу. Тийм учраас манай амьдрал дээр хамгийн нотлогдсон юм нь кворум байгаа. Энэ 75 бол 75, 50 бүр утгагүй ялгаагүй 75-ын адилхан. Яг 3-ны нэгээр.


Р. Гончигдорж:- За 28 дугаар зүйл дээр ярья.

Д. Баярцэнгэл:- УБХ-ын зохион байгуулалтыг аваад харахад 5 бангын хороонд хуваагдсан байгаа Энэ зохион байгуулалт болохгүй байна гээд байна шүү дээ. Тэгэхээр байнгын хороотой байна гээд энд заачихсан байгаа. Энэ байнгын гэдэг үгийг аваад хаячихъя. УБХ зохих салбар чиглэлээр хороодтой байх гэсэн санал байна.

Гү. Лхагважав:-Бага хурлын даргаа, хүмүүс ингээд хажуугаар хүний үгэнд оролцоод хамаг юм худлаа элдүүлж байна шүү дээ. Энэ чинь оролцвол зохих гишүүний дийлэнх олонх нь хүрэлцэн ирсэн байна. Хүрэлцээд ирсэн байхад чуулган хүчинтэй. Гишүүний тэр дийлэнх олонх 66 хувь нь. Гэтэл тэнд оролцож байгаа хүмүүсийн олонх болох гэж байна шүү дээ тиймээ. Тэр оролцож байгаа хүмүүсийн олонх чинь ухаан нь тэр 66-ийнхаа санал хураалтад хагас нь болчхоод мөн тэр чуулган чинь өөрөө хүчингүй болчхоод байгаа байхгүй юу. Хүчингүй чуулгантай шийдвэр гарчих гээд байна шүү дээ.

Р. Гончигдорж:-Лхагважав аа ийм байна УБХ дээр шийдвэр хамгийн цөөндөө 33, 3+1 гэдэг саналаар батлагдсан байх ёстой. За бүр олонх гэх юм бол25 хувь+1-ийн саналаар хамгийн цөөн санал авч батлагдаж байгаа шийдвэрүүдийг гаргана. За 29 дүгээр зүйл дээр яръя.

С. Батчулуун:-29 дүгээр зүйл 3 функттэй байгаа шүү дээ. Эхний 2 бол хориглосон заалт байгаа. Гурав дахь нь гишүүний асуудал авч хэлэлцэх, тэр хориглосон заалттай огт холбоогүй учраас тусад нь 30 гэсэн зүйл болгох саналтай байна. Зүйл болгоод ингэж найруулмаар байна. 30 дугаар зүйлийн 1 болгоод /кассед дуусав/ ... олонхын саналаар шийдвэрлэнэ гээд 1-ийг нь төгсгөөд , 2 дахь нь өөр асуудал УИХ уг гишүүний гэмт хэрэг үйлдсэнийг тогтоосон нь үндэслэлтэй гэж үзвэл түүнийг эргүүлэн татаж шүүхэд шилжүүлнэ гэж найруулах саналтай байна. Тэгэхгүй бол УИХ хэрэг үйлдсэн хүнийг шүүдэг байгууллага шиг болох нь байна Тэгэхээр тусад нь зүйл болгоод хориглосон заалт байхгүй, нөгөө 2-оос нь салгаад, дотор нь 2 функттэй болгоё гэсэн ийм саналтай байна.


Р. Гончигдорж:- хэргийг оноох тухай асуудал байхгүй байгаа шүү дээ энд. Тэр утгаараа байгаа.

С. Батчулуун:- Яг энэ өгүүлбэрээрээ бол шүүхээр орно шүү дээ. Гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл тогтоогдвол гэдэг чинь байцаана, байцаах үйл ажиллагаа явуулна гэсэн үг. Тйи санаа байгаа юм. Тэрнийг чинь шүүхийн өмнө дүгнэж хэлэлцээд гэм буруутай ажиллагааг....

Р. Гончигдорж:- Зүйлийнхээ хувьд уялдаа нь байгаа юм шүү дээ. Ялангуяа 2, 3 бол тиймээ Дотор нь 3-ыгаа ялгаж томьёолох асуудлынхаа хувьд хэсэг болгож, эсвэл 3 гэчхээд 1, 2 гэсэн дэд хэсэгтэй байх тухай, тосъёолох тухай асуудал хэлж байна аа даа. Тэр ажлын хэсэг дээр бодол зүйл шиг байна.

П. Улаанхүү:- Сүүлчийн 2, 3-ыг эхлээд яръя. Тэгэхээр гадаадын парламентын гишүүд бид нарын хэлдгээр тусгай хангамжийг 2 зүйл дээр эдэлдэг юм байна л даа. Парламентын хурал дээр хэлсэн үгийнхээ төлөө хариуцлага үүрэхгүй нэгд. Хоёр дахь нь парламентын зөвшөөрөлгүйгээр баривчлахгүй гэж Энэ 2-ыг зааж өгөөд энийг хасвал яасан юм бэ гэж. Энэ бол стандартын эдэлдэг юу нь. Тэгээд би 1 дүгээр зүйл рүү эргэж орохыг хүс ч байна. 29 дүгээр зүйлийн 1 дээр Ерөнхийлөгчийг үлдээгээд Ерөнхий сайд, засгийн газрын гишүүн гэдгийг хасмаар байна. Чимид гуай хийсэн байхгүй юу. Энийг хийчхээд Чимид гуай бусдад тулгаад байж болохгүй шүү дээ. Энэ чинь тэгэхээр Улаанхүүгийн юм биш, Чимидийн юм биш байхгүй юу. Монголын төрийн бүтцийн асуудал.

М. Энхсайхан:- Тэрийг хийхэд танайх ч оролцсон тэрийг яриад хэрэггүй.

Г. Зуунай:-Тэгэхээр энэ цалин хангамж энэ тэрийг хэлж өгвөл бүр хэлж өгсөн шиг хэлж өгмөөр байна. Ерөнхий сайд , Засгийн газрын гишүүд бага хурлын гишүүн байж болох ийм хувилбар бид бас ярьж байгаа. Тэрийг үгүйсгэж бүрэн чадаагүй. Ер нь байж болно. Тийм учраас энэ дээр ингэж зааж өгөх шаардлага байхгүй, нэгд. 2 дугаарт тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил албан тушаал хавсарч болохгүй. Бага хурлын ээлжит бус чуулганаар энүүгээр баахан яриа гарсан. Бага хурлын гишүүдийн дотор 3, 4 ажил хавсарсан улсууд сууж байгаа. Тэгэхээр амьдрал дээр энийг бодоод байхад Бага хурлын гишүүний гэлэн шиг олон нийтийн ажилд оролцож болохгүй, 1 томоотой амьтан чуулган дээр сууж бай гэж хуульчилж өгөх нь буруу юм шиг байгаа юм. Олон нийтийн ажилд оролцох ёстой байх. Тийм учраас тэрийгээ шийдээгүй бол Үндсэн хуульд ингэж хийж болохгүй байх. Өрөөр хэлбэл ажил хавсарч болохгүй гэдэг нь тодорхой өөрийнхөө харьяаллын засаг захиргааны албан тушаал хавсарч болохгүй байх. Бусад алыг хавсрах ёстой. Бага хурлын хуулийг бид түрүүн буруу гаргасан, миний бодлоор үзэмжээр. Тийм учраас ингэмээр байна. 1-д. Хоёрдугаарт, цалин харамж хүртэх гэж байна. Цалин юм уу, харамж нь юм уу. Харамж гэдэг чинь өргөл барьцыг хэлдэг. Шан харамж гэх юм бол шагнал байдаг. Тэгэхээр цалин гэх юм бол хүртэж таарахгүй. Тэгэхээр зэрэг энийг цалин гэдгийг цалин авах, харамж гэдгийг би комиссоос тодруулахыг хүсэж байна гэжээ.


Үргэлжлэл бий.                                                                                        Эх сурвалж: Монгол Улсын Үндсэн хуулийн эх сурвалж

Холбоотой мэдээ