ДАРХАН-УУЛ: Шарын гол чиглэлийн 22.9 км авто замын хэвтээ тэмдэглэгээ, хөвөө тэгшилгээ хийгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-23 21:08:27

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан сум, Шарын гол сумыг холбосон автозамын бүтээн байгуулалт хийгдэж байгаа билээ. Энэ чиглэлд гурван хэсэг хатуу хучилттай автозамын ажил хийгдэж байна. 2019 онд Шарын гол сумын төвөөс 17 км автозамыг барьж дуусгасан бол өнгөрсөн оны 10 дугаар сард эхэлсэн Дарханаас Шарын голын Аргалын гарам хүртэлх 22.9 км авто замын хучилтын ажил дуусчээ.

Одоо замын босоо, хэвтээ тэмдэглэгээ, 29 орц, гарц, замын хоёр талын хөвөө тэгшилгээ хийгдэж байна. Мөн Шарын гол дээгүүрэх гүүрийн ажлыг дуусган улсын комисст хүлээлгэн өгөхөөр гүйцэтгэгч “Анандын зам” ХХК ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд энэ онд авто замын 15 төсөл, арга хэмжээгээр нийт 80.5 км авто замын ажил хийгдэнэ. Үүнээс Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэж буй хамгийн том ажил нь Дарханаас Аргалын гарам хүртэлх энэхүү авто замын ажил юм. Шарын гол Дархан сумын хооронд нийт 48 км хатуу хучилттай автозам тавигдахаас ийнхүү  39.9 км зам нь ашиглалтад орох гэж байна.

Гурав дахь хэсэг буюу хоёр сумын төвөөс баригдаж буй автозамыг аргалын гармаас үргэлжлүүлэх холбох замын ажлыг “ЗЗБ” ХХК-ийн гүйцэтгэж байна. Нийт 8.7 км замын ажлын хөрс хуулалт 100 хувь дуусчээ. Одоогоор ажлын гүйцэтгэл 25 хувьтай байна. Гэрээт хугацаагаар энэ оны 11 дүгээр сарын 30 гэхэд ажлыг бүрэн дуусгаж хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Ажил гүйцэтгэхэд цаг агаарын нөхцөл байдлаас үүдэн гарч буй саадыг эс тооцвол хэвийн ажиллаж байна гэж гүйцэтгэгч компанийн удирдлагууд аймгийн Засаг дарга Б.Азжаргал Дархан-Шарын гол чиглэлийн авто замын ажлын явцтай танилцлах үеэр мэдэгдлээ.

Холбоотой мэдээ