ДАРХАН-УУЛ: "Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр"-ийг багш нараас эхлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-29 22:03:20

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн боловролын салбарын нийт багш нарын бага хурал Залуучууд театрын их танхимд өнөөдөр боллоо.


2022-2023 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд нийт 27 ерөнхий боловсролын сургуульд 1200 багш, сургуулийн өмнөх 39 байгууллагад 300 гаруй багш, их, дээд, мэргэжлийн есөн сургуульд 400 гаруй багш ажиллаж 40.000 гаруй хүүхдэд сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын мэдлэг олгоно. Уг бага хуралд төрийн өмчийн ЕБС, СӨББ-ын 500 гаруй багш, удирдах албан тушаалтан оролцлоо.


Хичээлийн шинэ жилийн өмнө зохион байгуулдаг уламжлалтай уг бага хурал ковид-19 цар тахлаас шалтгаалан сүүлийн хоёр жил тасарсан. Энэ удаагийн бага хуралд аймгийн Засаг дарга Б.Азжаргал мэндчилгээ дэвшүүлж оролцсон юм. Тэрбээр энэ хичээлийн жилд төрөөс ямар бодлого баримтлах, багш сурагчдыг ая тухтай орчинд сурч боловсрох, хичээлийн хэрэглэгдэхүүнийг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын талаарх мэдээллийг танилцуулж, шинэ хичээлийн жилд өнгөрсөн онд гаргасан амжилтаа ахиулахыг хүслээ.


ТүүнчлэнБоловсрол-2032” хөтөлбөрийн хүрээнд энэ хичээлийн жилд “Орлогод нийцсэн орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон аж. Тодруулбал арван багшид нэг өрөө байрыг таван жилийн хугацаанд зөвхөн ашиглалтын зардлаас бусад түрээс, төлбөр авалгүй амьдруулах аж. Ингэснээр багш нарыг орон нутгийн зүгээс орон сууцжуулах бодлого баримталж ажиллахаар болжээ. Мөн ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын зааланд шаардлагатай спортын хэрэглэл авахад зарцуулах таван сая төгрөгийг шийдвэрлэх, Дархан хотын ууган сургууль болох нэгдүгээр сургуулийн ширээ сандлыг иж бүрэн сольж байгаа талаарх мэдээллийг өгсөн юм.


Авлигагүй аймаг болохын төлөө бүгд үүрэгт ажилдаа эзэн байх, авлига ашиг сонирхлоос ангид байж, ирээдүйн Дархан хотын иргэдийг эрдэм мэдлэгтэй иргэн болж төлөвшүүлэхэд хамтран ажиллахыг нийт багш нартаа уриаллаа. 


Мөн УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан, УИХ-ын гишүүн, АБГБ-ын Байнгын хорооны дарга Б.Баттөмөр, УИХ-ын гишүүн БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдинням нар цахимаар мэндчилгээ дэвшүүлэв.


Энэ хичээлийн жилд Боловсрол, шинжлэх ухааны яамнаас “Багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжилд зөвлөх багш нарын оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх” томоохон зорилго, зорилтыг дэвшүүлсэн аж.

Холбоотой мэдээ