“Twitter” жиргээг засдаг тохиргоог удахгүй нэвтрүүлнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
khulan@montsame.gov.mn
2022-09-02 17:06:45

ВАШИНГТОН. /CNBC/. Twitter” нийгмийн сүлжээний хэрэглэгчид удахгүй жиргээгээ засах боломжтой болно гэж тус нийгмийн сүлжээний компани пүрэв гарагт мэдээлжээ.


Тодруулбал, “Edit Tweet” тохиргоог ойрын долоо хоногт зарим төлбөртэй хэрэглэгчид ашиглах боломжтой болох бөгөөд тэдэнд жиргээгээ нийтэлснээс 30 минутын дотор өөрчлөх боломжийг олгох ажээ.


Гэхдээ уг тохиргоог буруугаар ашиглах вий гэсэн болгоомжлол олон нийтийн дунд байсаар байгаа юм.


Харин “Twitter” жиргээг зассаныг илтгэх тэмдэг байрлуулснаар энэ асуудлыг шийдвэрлэж байгаа бөгөөд уншигчид тухайн жиргээ өмнө нь ямар байсныг, хэрхэн засаж өөрчилснийг харах боломжтой байна.


Twitter”-ийн мэдээлснээр, жиргээг засах тохиргоог бусад хэрэглэгчдэд шат дараатайгаар нэвтрүүлэх ажээ. “Tesla” компанийн гүйцэтгэх захирал Илон Маскийн хувьд ийм тохиргоог бий болгохыг уриалсаар иржээ. 

Холбоотой мэдээ