Г.Сайханбаяр: БХЯ нэгдсэн бодлого гаргаж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ажилладаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-05 13:21:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс 10 гаруй оронтой хамтран цэргийн сургууль хийдэг талаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өнөөдөр мэдээлэв.


Олон нийтийн сүлжээ болон хэвлэл мэдээллийн зарим хэрэгслээр Монгол Улсын батлан хамгаалах салбар, цэргийн хээрийн сургуультай холбоотой асуудалд иргэдийг төөрөгдүүлсэн, улс төржүүлсэн ташаа мэдээлэл ихээр гарч буй тул тэрбээр албан ёсоор тайлбар хийж буйгаа онцолсон юм.


Тэрбээр, “Монгол Улсын Батлан хамгаалах яам 40-өөд орны батлан хамгаалах салбартай хамтран ажилладаг. Ингэхдээ БХЯ цэргийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого гаргаж, олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ажилладаг. Ер нь бол цэргийн харилцаа, цэргийн сургуулийг олон улсад нээлттэй зарладаггүй бөгөөд энэ асуудал тодорхой хэмжээнд хаалттай байх ёстой. Монгол Улс 10-аад оронтой хоёр талын хамтарсан цэргийн сургууль хийдэг. Энэ онд АНУ-тай 7 удаа, ОХУ-тай 2 удаа, Герман, Турк, Япон, Катар зэрэг оронтой хамтарсан сургууль хийж байгаа. Мөн Индонез зэрэг оронд болж буй Энхийг сахиулагчдын сургалтад ч оролцож байна. Энэ нь батлан хамгаалах, гадаад хамтын ажиллагаагаа бэхжүүлэх зорилгоор зохион байгуулж буй юм. ОХУ-ын Владивосток хотноо болж буй “Восток” сургалтад энэ жил 15 орон оролцож байгаа бөгөөд энэ сарын 1-7-нд Монгол Улсын цэргийн албан хаагчид үүрэг гүйцэтгэж байна. Мөн өнгөрсөн сарын 3-9-нд болсон Сэлэнгэ цэргийн сургуультай холбоотой асуудал өнөөдрийг хүртэл яригдсаар байна. Энэ сургуульд оролцсон ОХУ-ын цэргийн албан хаагч өнгөрсөн сарын 12-ны дотор буцсан. Монгол Улс тэнгисийн цэрэггүй. Гэтэл Курилийн болон бусад маргаантай арлуудад манай цэргийн албан хаагчид сургууль хийж байгаа мэт ташаа мэдээлэл гаргаж байна. Тиймээс цэргийн хамтын ажиллагаатай холбоотой асуудалд няхуур хандахыг уриалж байна” хэмээв.

Холбоотой мэдээ