Зитоуни Оулд-Дада:Тогтвортой хөгжилд хүрэхийн тулд шинэ шийдлийг бий болгох хэрэгтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-09-05 15:22:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Боловсролын салбарын шинчлэлийг хурдасгах, хүнсний тогтвортой тогтолцоог бий болгох, хүртээмжтэй эдийн засгийг тэтгэж, байгаль экологийн тэнцвэрийг хадгалах зэрэгт томоохон түлхэц болж буй цахим шилжилтийн талаар улс орнуудын туршлага солилцох “Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурал өнөөдөр эхэллээ.


Хурлыг нээж Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра нар үг хэллээ.


Монгол дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, “Цар тахлын үед цахим технологи нь эдийн засгаас эхлээд бусад бүх салбарт шинэ боломж бий болгосон. Монгол Улс “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлогод Монгол Улс Тогтвортой хөгжлийн зорилгодоо хүрэх гол хүчин зүйл нь цахимд шилжих гэж тодорхойлсон. Монгол болон дэлхийн түвшинд ажиллаж байгаа НҮБ гишүүн орнууддаа цахим шилжилтийн стратегийг дэвшүүлсэн. Тиймээс анхны цахим хурлыг зохион байгуулж байна. Нэмж дурдахад, цахим шилжилтийг дэмжих нь НҮБ-ын Монгол дах үйл ажиллагааны ойрын 5 чиглэлийн үндсэн чиглэл юм. Дэлхий өнөөдөр урд өмнө байгаагүй эрүүл мэнд, эдийн засаг, цаг үеийн сорилттой тулгарч байна. Хэрэв зөв хийж чадвал цахим шилжилт нь энэ бүхнийг давах түлхүүр болж чадна. Цахим хөгжил, харилцаа, холбооны яамны манлайлал дор Монгол Улс зөв замаар явж байгаад баяртай байна” гэлээ.


Нээлтийн дараа уг яриа хэлэлцээ “Ногоон хөгжлийн төлөөх цахимжуулалт” дэд хэсгээр үргэлжилсэн. Уг хэлэлцүүлгийн чиглүүлэгчээр НҮБ-ийн Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгч Винод Ахужа ажилласан юм.


НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч Зитоуни Оулд-Дада, “Дэлхийн нийтэд уур амьсгалын өөрчлөлт хүн ардын амжиргаа, хүнсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна. Дэлхий нийтэд 828 сая хүн өлсгөлөнд байна. 2030 он гэхэд 660 сая хүн өлсгөлөнд байсаар байна гэсэн таамаглал бий. “КОВИД-19” цар тахлын улмаас 83-120 сая хүн өлсгөлөнд өртсөн байна. Дэлхий нийт Тогтвортой хөгжлийн зорилтод хүрэхэд 8 жил дутуу байгаа ч одоо хийж буй ажлууд хангалтгүй байна. Тиймээс бид шаардлагатай бол шинэ шийдлийг бий болгох хэрэгтэй. Үүний нэг хэсэг нь хөдөө аж ахуй юм. Дэлхийн хүн ам 2050 он гэхэд 10 тэрбумд хүрэх магадлалтай байгаа бөгөөд үүнд шаардлагатай хүнсийг бий болгох нь маш чухал. НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын хувьд энэ зорилтоо биелүүлэхэд цахим шилжилт маш чухал гэж үзэж байгаа. Байгалийн нөөцийг үр ашигтай ашиглах, хүнс, хөдөө аж ахуйн системд инновацийн шийдлийг нэвтрүүлэх, шинжлэх ухааны нотолгоо, баримтад тулгуурлан дэлхийн хэмжээнд, бүс нутгийн хэмжээнд хамтран ажиллах хэрэгтэй байна” хэмээв.


Мөн НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төлөөлөгч Дежан Жаковижевик, “Цахим шилжилт, цахимжуулалт гэх мэт олон нэр томъёо бий. Бидний амьдралд цахимжуулалт ихээхэн нөлөө үзүүлж байгаа. Цахимжуулалт бол хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэлийг нэмэхээс илүү цаад талын нарийн үр дүнтэй. Мал аж ахуй, загас, аялал жуулчлал, фермер зэргийг уялдуулахад цахимжуулалт чухал үр нөлөөтэй. Ерөнхийдөө зүгээр л цахимаар холбоод орхих бус тулгамдаж буй аливаа асуудлаа хэрхэн шийдвэрлэх вэ гэдэг боломжийг бүрдүүлдэг байх хэрэгтэй. Тухайлбал, үнэгүй, олон салбарыг дамнан ашиглах боломжтой бүтээгдэхүүн бий болгож болно. Ийм тоон мэдээлэл, өгөгдөл нь нарийн мэдээлэл агуулдаг тул ёс зүйтэй, мэргэжлийн ашигладаг байх нь чухал. Мөн фермер, жижиг бизнес эрхлэгчдийг оролцуулж, технологийн хүрээнд ямар дэвшил бий болгох вэ гэдгийг харах хэрэгтэй. Тухайлбал, цахим фермер ч гэж бий. Фермерүүдийг бүртгэх, цахим даатгал, санхүүгийн үйлчилгээг тэдэнд хүргэх гэх мэт үйлчилгээ хүргэдэг. Тэгэхээр энэ мэт платформ бий болгосноор хөдөө аж ахуйг Тогтвортой хөгжилд хүргэх юм” гэлээ.


“Олон улсын цахим шилжилтийн яриа хэлэлцээ-2022” олон улсын хурал дэд хэсгийн хуралдаанаар үргэлжилж байна.


Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Монгол дахь НҮБ хамтран зохион байгуулж буй уг хурал энэ сарын 6-ныг дуустал үргэлжлэх юм. Хуралд НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, гишүүн улс орнууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөгчид оролцож, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын санаачилсан дижитал шилжилтийн стратегийг дэлхийн улс орнууд хэрэгжүүлж буй туршлагаа солилцож байна. Мөн  цахим засаглал, цахим хуваагдал, цахим ялгаварлан гадуурхалт, өгөгдөл хамгаалах, хиймэл оюун ухааны зохицуулалт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.

Холбоотой мэдээ