ТӨВ: Чежү хотын ИТХ-ын дарга, төлөөлөгчид албан айлчлал хийлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/ БНСУ-ын бие даасан Чежү хотын ИТХ-ын дарга Ким Кён Хак болон албаны төлөөлөгчид Төв аймагт 2022 оны 9 дүгээр сарын 1, 2-ны өдөр албан айлчлал хийлээ.
Тус айлчлалын зорилго нь цар тахлын улмаас улс орнуудын гадаад харилцаа зогсонги байдалд орж эхэлж байсан харилцаа хамтын ажиллагааг сэргээх, цаашид өргөжүүлэх, санамж бичгийн хүрээнд тодорхой ажлуудыг хэрэгжүүлэх аж. Албан уулзалтын үеэр Төв аймгийн ИТХ-ын даргын зүгээс хамтран ажиллах хэд хэдэн саналыг уламжиллаа.
Түүнчлэн Чежү хотын гоо сайхны бүтээгдэхүүний үйлдвэрлэлд зориулж малын гаралтай өөх, тос нийлүүлэх ажлыг хамтран зохион байгуулах, аймгийн төвд "Манзушир" шашин, соёлын цогцолбор байгуулах төсөл болон Төв аймагт Үйлдвэрлэл технологийн парк байгуулах төсөлд хамтран ажиллах саналыг хүргүүлсэн байна.
Мөн Чежү хотын бизнес эрхлэгчид, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүдийг аймагтай холбож, хамтран ажиллах, шинэ нисэх онгоцны буудалд аялал жуулчлалын мэдээллийн төв бий болгох, Төв аймаг байгуулсны 100 жилийн ойн үйл ажиллагаанд орчин үеийн дижитал, өндөр технологи ашиглахад хамтран ажиллах зэрэг саналуудыг Солонгосын талд уламжиллаа. Чежү хотын ИТХ-ын дарга Ким Кён Хак болон хүрэлцэн ирсэн төлөөлөгчид хүсэлтийг хүлээн авч, судлан хариу мэдэгдэхээ илэрхийллээ.
Төв аймгийн ИТХ болон БНСУ-ын бие даасан Чежү хотын ИТХ хооронд 2017 оны 7 дугаар сарын 8-нд хоёр талын хөгжлийн хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулсан юм. Санамж бичгийн хүрээнд соёл урлаг, газар тариалан, мал аж ахуй, аялал жуулчлал зэрэг салбаруудыг хамтран хөгжүүлэхийн тулд түншлэлийг бий болгох, иргэд хоорондын найрсаг хамтын ажиллагаанд хувь нэмрээ оруулах, боловсон хүчний харилцан солилцоог өргөжин хөгжүүлэхэд хичээл зүтгэл гарган ажиллахаар дурдсан билээ. Мөн хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх жилийн ажлын төлөвлөгөөг хамтран баталж хэрэгжүүлэх, үр дүнг тооцож байхаар санал гаргажээ.
