ДУНДГОВЬ: Гол нэрийн зарим бүтээгдэхүүний үнэ тогтмол өсөлттэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-09-06 17:27:50
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Статистикийн хэлтсийн мэдээлснээр 9 дүгээр сарын 5-ны байдлаар тус аймагт нэгдүгээр гурил нэг килограмм нь 1970, элсэн чихэр, цагаан будаа 3330, хонины ястай мах 7800, ямааны мах 7000, сүү 2500 төгрөгийн үнэтэй байна.

Харин АИ-80 шатахуун 2510, АИ-92, дизель түлш 3770, нэг кг ноолуур 90 000, нэг боодол өвс 6000 төгрөгийн үнэтэй байгаа аж.

Дээрх гол нэрийн бүтээгдэхүүний үнийг өнгөрсөн 7 хоногийнхтой харьцуулахад хонины мах 300, ямааны мах 500 төгрөгөөр нэмэгдэж, бусад бүтээгдэхүүний үнэ өөрчлөлтгүй байна.

Харин дээрх бүтээгдэхүүний үнэ ханшийг өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад нэгдүгээр гурилын үнэ 300, элсэн чихэр 760, цагаан будаа 700, АИ-80 шатахуун 380, АИ-92 шатахуун 370, дизель түлш 1270 төгрөгөөр тус тус нэмэгдсэн байна.  

Ноолуур өнгөрсөн оны 9 дүгээр сарын 8-нд 100 000 төгрөгийн ханштай байсан бол энэ жил 90 000 төгрөг болж буусан, сүүний үнэ өөрчлөлтгүй, хонины мах 7500, ямааны мах 6500 төгрөгийн үнэтэй байжээ.

Малын гаралтай бүтээгдэхүүний үнэ ханш хавар өсөж, хонины мах 11500, ямааны мах 9500, нэг литр сүү 4500, нэг боодол өвс 8000 төгрөг хүрсэн бөгөөд 9 дүгээр сарын 5 хүртэл эдгээр бүтээгдэхүүний үнэ буурсан бол бусад бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн жилийн 9 дүгээр сараас хойш тогтмол өсөлттэй байна. 



Холбоотой мэдээ