БАЯНХОНГОР: Хэлмэгдэлтийн шуурганд өртсөн 600 гаруй иргэн бүртгэгдсэн байдаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-09 11:05:21

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 26 жил болж байна.

Баянхонгор аймгийн ИТХ, Цагаатгах ажлын зохион байгуулах комиссоос тус өдрийн 11.00 цагт Хөгжимт драмын театрын урд хүрээлэн дэх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан босгосон хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх, 11.40-13.40 цагийн хооронд жолооч нар автомашины ойрын гэрлээ асааж замын хөдөлгөөнд оролцох хүндэтгэх ёслолыг зохион байгуулна. Эл өдөр мөн бүх хийдэд  буяны ном хурах аж.


Дуулгахад, Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг хүндэтгэн өнгөрүүлэх тухай Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргын 2022 оны 8 дугаар сарын 21-ний 10 тоот захирамжийн дагуу Баянхонгор аймгийн         Түүх угсаатны зүй, байгалийн түүхийн музейд “Улс төрийн хэлмэгдэгсдийн хүндэтгэлийн булан”-г нээжээ. Музейн зүгээс улс төрийн хэлмэгдэгсэдтэй холбогдолтой эд өлгийн зүйлс, архивын баримт материалаар сан хөмрөгөө баяжуулах ажлыг зохион байгуулж байна.

          Түүнчлэн Цагаатгах ажлыг зохион байгуулах салбар комиссоос санаачлан Хөгжимт драмын театрын урд хүрээлэн дэх улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалд зориулан босгосон хөшөөнд түшиглэн усан оргилуур, ногоон төгөл бүхий дурсгалын цогцолбор бий болгохоор төлөвлөжээ.

        Баянхонгор аймгийн хэмжээнд хэлмэгдэлтийн шуурганд 30 гаруй сүм хийдэд шавилан сууж байсан 608 иргэн бүртгэгдсэн байдаг байна.

Холбоотой мэдээ