Хятадад газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2022-09-09 12:14:34

БЭЭЖИН. /Xinhua/. Хятадын баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Лудин тойрогт даваа гарагт болсон хүчтэй газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүний тоо 86-д хүрч нэмэгдэж, 35 хүн сураггүй хэвээр байгаа талаар орон нутгийн эрх баригчид пүрэв гарагт мэдээлжээ.


Аврах албаныхны мэдээлснээр, пүрэв гаргийн үдийн байдлаар амиа алдсан хүмүүсийн 50 нь Ганьзи Төвөдийн автономит тойрогт, 36 нь Яань хотод нас барсан байна. Лудин тойрогт орон нутгийн цагаар даваа гаргийн 12:52 цагийн орчимд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлсөн юм.


Сычуань мужийн Олон нийтийн аюулгүй байдлын хэлтсийн мэдээллээр, аврах албаныхан байгалийн гамшигт үзэгдлийн улмаас гацсан 1500 гаруй хүнийг эрэн хайж аварч, 5782 хүнийг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлжээ. Тус хэлтэс газар хөдлөлтийн гамшигт өртсөн бүсэд 1695 цагдаа, туслах ажилтныг дайчилсан байна.


Мөн Шимянь тойргийн дунд сургуулийн тоглоомын талбайг хоёр нисдэг тэрэг зэрэг багтаах боломжтой нисдэг тэрэгний талбай болгон өөрчилсөн бөгөөд нисдэг тэрэгнүүд гэмтэж бэртсэн хүмүүсийг тээвэрлэх, аврагчид болон тусламжийн материалыг зөөвөрлөхөд бэлэн болжээ.


Сычуанийн цахилгаан сүлжээний улсын компанийн мэдээлснээр, газар хөдлөлтөд нэрвэгдсэн Лудин орчмын хэрэглэгчдийн 80 орчим хувийнх нь эрчим хүчний хангамжийг сэргээжээ. Газар хөдлөлтийн улмаас цахилгаан дамжуулах 57 шугамын үйл ажиллагаа доголдож, 10 дэд станц зогсон, 40 мянган хэрэглэгчийн цахилгаан эрчим хүчний хангамж тасалдсан байна. 

Холбоотой мэдээ