ЗАВХАН: Бага нуурын уснаас шувууны өвчин үүсгэгч бактери илэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-09-13 13:48:33

Завхан/МОНЦАМЭ/. Дөрвөлжин сумын Бага нуурт усны шувууд үхсэн шалтгааныг тодруулах шинжилгээг хийгээд байна.

Хяргас-Нуур Завхан голын сав газрын захиргаа, Биологийн хүрээлэнтэй хамтран усны шувуудын бактери, нуурын гидробиологи, паразитын өвчин, микробиологи, нуурын ус, ёроолын хурдас, химийн найрлагын судалгааны ажлуудыг хийжээ.

Шувуудын үхлийн шалтгааныг тодруулах судалгааны ажлын хүрээнд өнгөрсөн тав болон наймдугаар сард авсан нуурын усны дээжид лабораторийн микробиологийн шинжилгээг хийсэн. Лабораторийн микробиологийн шинжилгээгээр E coli, Salmonella, Citrobacter spp, Klebsiella spp. Escherichia coli, Staphylococcus aureus зэрэг бактери илэрсэн байна. Эдгээр бактериуд нь шувууны цитробактериоз, клебсиеллез, колибактериоз, стафилококкоз гэх зэрэг өвчнийг үүсгэдэг нь тогтоогдоод байна.


Тиймээс бактерийн гаралтай өвчнөөс сэргийлэх арга хэмжээг авахдаа нуурын эргэн тойронд, ялангуяа хаврын улиралд үхсэн малын сэг, зэмийг удаахгүйгээр устгалд оруулах. Нуурын орчмыг цэвэрлэх, малын баас, шивтэр зэрэг органик гаралтай бохирдол үүсгэхгүй байх. Мал ихээр ундаалдаг газрыг хаших, нуурын эргээр тархсан ургамлын үлдэгдэл, шувуудын үүрийг цэвэрлэх ажлыг нутгийн иргэдийг оролцуулан зохион байгуулаад байна.


Энэ оны дөрөвдүгээр сард цэвэрлэгээг хоёр өдөр зохион байгуулж, нийт 850 орчим шувууг цэвэрлэж автомашинаар хоёр удаа зөөж устгал хийсэн. Устгалыг хийхдээ 1,5 метр гүн нүх ухаж хлорын шохой ашиглан үечлэх байдлаар ариутгаж, устгал хийсэн. Завхан аймгийн Дөрвөлжин сумын Онц багт байрлах Бага нуурт 2019 - 2021 онд нийт 18 зүйлийн 5000 гаруй шувуу үхсэн. Шувуудыг ямар шалтгаанаар үхээд байгаа тодорхой судалгаа шинжилгээний хариу баталгаажсан учраас цаашид нутгийн малчид, иргэдэд нуурт мал оруулахгүй байх.

Нуурыг бохирдлоос хамгаалах, иргэдийг зөв мэдлэг мэдээллээр хангах, сурталчлах хамтын ажиллагааг сайжруулахыг орон нутгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүст зөвлөж байна гэж Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаанаас мэдээлэв.

Ташрамд тус захиргаа нь усны нөөцийг бохирдож хомстохоос хамгаалах. Усны сан бүхий газрын онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх. Орчны бохирдлыг бууруулах ажлын хүрээнд жилд 4-5 удаагийн цэвэрлэгээ, ариутгалын ажлыг хийдэг байна.

 

Холбоотой мэдээ