СЭЛЭНГЭ: Б.Мөнхболд: Сайхан суманд шинэ суурьшлын бүс байгуулах бүрэн боломж бий

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-09-15 10:08:19

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл хотод Монгол Улсын томоохон цементийн үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Иймээс тус үйлдвэрийг түшиглэн Сайхан сумыг шинэ суурьшлын бүс болгон хөгжүүлэх бүрэн боломж бий аж.

Энэ талаар саяхан тус суманд болсон форумын үеэр онцолж байв. Ингээд Сайхан сумын Засаг дарга Б.Мөнхболдын байр суурийг та бүхэнд хүргэе.


-Саяхан Цементийн үйлдвэрээс зохион байгуулсан форум дээр Хөтөл хотын хөгжлийн асуудлаар маш дэлгэрэнгүй хэлэлцсэн. Хөгжлийн шийдлийг ч харж байх шиг байсан. Энэ тал дээр сумын Засаг даргын хувьд ямар байр суурьтай байна вэ?


-Миний хувьд Хөтөл хотын өнөөгийн нөхцөл байдал, нийгэм эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд. Мөн ирээдүйн 20 жилийн хөгжлийн ерөнхий зураглалаа хэрхэн гаргаж байгаа вэ гэсэн төлөвлөгөөгөө тус форумд танилцуулсан.

Бидний өөрсдийн чин зорилго, чин хүсэл бол Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хот хөдөөгийн сэргэлт, дагуул хотуудын асуудлуудыг маш хурцаар хөндөж байгаа энэ үед, Монгол Улсын дараагийн дагуул хот, 4 дэх хот болж хөгжих ямар боломж бололцоо байна. Газар зүйн болон дэд бүтэц, аж үйлдвэрийн салбаруудын давуу талуудаа ашиглаад Монгол Улсын 4 дэх хот болох бүрэн боломжтой гэж харж байгаа. Дээр нь одоогийн ажиллаж амьдарч байгаа 15 мянган иргэн дээрээ дахиад 20-25 мянган иргэнийг энэ нутаг дээрээ суурьшуулаад шинэ суурьшлын бүсийг бий болгох бүрэн боломжтой шүү гэдэг хүсэл зорилгоо энэ далимд хэлсэн. Үүгээрээ л нэлээд онцлогтой форум болсон доо.     


-Хүн амаа нэмэгдүүлэх, шинэ суурьшлын бүс болохын тулд эхний ээлжинд ямар ажлыг үе шаттай хийхээр төлөвлөж байна?


-Бид бүхэн ирэх 20 жилийнхээ ерөнхий төлөвлөгөөг 2021 онд батлуулсан. Хүн ам нэмэгдэхийн хэрээр дэд бүтцийн хүртээмжийн асуудал, нийгмийн суурь үйлчилгээ, барилга байгууламжийн асуудлууд хамгийн түрүүнд яригдах ёстой. Үүнийг бид бүхэн бий болгохын тулд гадаадын зээл тусламж, улс, аймаг, сум орон нутгийн төсөв. Мөн Цемент шохойн үйлдвэрээ түшиглээд хөрөнгө оруулалтыг хийх ямар нөөц боломж байна гэсэн тооцоо судалгааг гаргаад явж байгаа.

Үүний хүрээнд “Шинэ Хөтөл” гэсэн суурьшлын бүсийг бий болгохоор зорин ажиллаж байна. Одоо бид өөрсдийнхөө газар нутгийн байршил, онцлог, давуу тал, нөөц боломждоо тулгуурлаад “Шинэ Хөтөл” суурьшлын бүсээ хаанаа төлөвлөх, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг тэр бүс дээрээ төвлөрүүлээд ажил хэрэг болгон эхлээд явж байна. Өнөөдөр Хөтөл хотод бүтээн байгуулалтын ажил ид өрнөөд явж байна. 


-Төвлөрлийг яаж татах хийгээд суурьшлын бүс болох боломжоо хэрхэн харж байна. Давуу талуудаа тодруулбал?


-Мэдээж хэрэг манай дээр маш том стратегийн ач холбогдолтой Монгол Улсын ууган үйлдвэр байна. Энэ үйлдвэрийг дагасан жижиг, дунд барилгын хийцийн үйлдвэрүүдийг оруулж ирэх. Үүнийг хэрхэн дэмжих вэ гэхээр. Газар болон дэд бүтцийн асуудлаар төр хуулийн хүрээнд олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд дэмжиж ажиллах нөөц боломж байгаа.

Мөн худалдаа үйлчилгээний чиглэлээр газар зүйн байрлал аялал жуулчлалын томоохон бүс болох Хөвсгөл, Булган чиглэлд манай авто зам дайран өнгөрдөг. Улсын зэрэглэлтэй 3 том хоттойгоо авто болон төмөр замаар холбогдсон. Ийм давуу талтай байдаг болохоор энд худалдаа үйлчилгээ гээд бүх төрлийн жуулчид, явуулын хүмүүсийн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэх, бизнес эрхлэх боломж Хөтөл хотод байна.

Үүнийг бизнес эрхлэгчид тэр бүр анзааран харж чадаагүй. Та бүхний хүсч байдаг ашиг олох, бизнеэсээ өргөжүүлэх боломж энэ хотод байгаа шүү гэдгээ нээлттэй зарлаж байна. Бид бүхэн 2022 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулснаар бүх бизнес эрхлэгчдээ урин дуудсан, бүх дэд бүтцийг шийдсэн байршлуудаа сонгоод хүлээж байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтууд эхнээсээ маш их орж ирж байна.

Наад зах нь энэ жил ашиглалтад орох 40, 24, 20 айлын амины болон нийтийн орон сууцуудын ажил хийгдэж байна. Мөн ирэх жилийн төсөв төлөвлөгөөнд тусгагдаад мөнгө нь шийдэгдсэн барилга байгууламжийн ажлууд хүлээгдээд байж байна.


-Ажил ундарч байгаа юм байна. Тэгэхээр удирдлагууд та бүхний зүгээс ямар ажлыг нэн түрүүнд дэмжин ажиллах гэж байна?


-Ийм олон сайхан боломжууд орж ирж байна. Бидний зүгээс хамгийн гол нь инженерийн байгууламж, дулаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга зэрэг инженерийн шугамынхаа төсөв санхүүг маш хурдтайгаар шахаж, гүйцэтгүүлж чанартай хийж явахгүй бол хувийн хэвшлийн хурдыг гүйцэхгүй хэмжээнд хүрэх эрсдэлтэй байгаа.

Бид урьж ажиллуулж байгаа учраас бидэнд маш их ажил хүлээгдэж байна. Хөтөл 38 жилийн түүхтэй залуу хот. Газар тариалан, аж ахуй хослон хөгжсөн. Газар зүйн байршлын онцлогоо ашиглаж хэрхэн сумандаа хөрөнгө оруулалт татах, худалдаа үйлчилгээг үзүүлэх зэргийг эрж хайсан форум болсон.

Бид шинэ Хөтөл суурьшлын бүсийг танилцуулсан. Монгол Улсын дөрөв дэх хот болон хөгжих боломж байна. Дагуул хотын асуудлыг маш хүчтэй ярьж байгаа энэ үед Дархан, Эрдэнэтийн дараа орох боломж бий. Тэгэхээр төрийн бодлого, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалт хийсэн тохиолдолд 40 мянган хүний суурьшлын бүс бий болох боломж байгаа гэдгийг хэлэх байна. 

Холбоотой мэдээ