ТӨВ: Зохиолч, уншигчдын уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-09-15 20:56:32

Төв /МОНЦАМЭ/ Зохиолч, уншигчдын уулзалтыг өнөөдөр Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Төв аймгийн Нийтийн номын сангаас зохион байгууллаа. 

Уулзалтад Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Цэрэндоо, Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын эвлэлийн нэрэмжит шагналт, Хүүхдийн зохиолч О.Сундуй мөн Д.Нацагдоржийн болон Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт, Ардын боловсролын тэргүүний ажилтан  Ш.Бадарч нар уригдан оролцлоо.

Тус уулзалтыг хүүхдүүд бие биедээ нөлөөлөх зарчмаар номд дурлах, сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор номын клубийн хүүхдүүдтэй хамтран зохион байгуулсан бөгөөд 50 гаруй сурагч, номд дурлагсад оролцлоо.

Уулзалтын хүрээнд уран бүтээлийг нь шимтэн сонсдог залуус дүү нарт зориулсан сургамж, амьдралын сайн сайхан, зохиолч болох хүсэл сонирхлыг нь төрүүлсэн халуун дотно яриа өрнүүлэн, зохиолчид номын дээжээсээ хандив өргөлөө. 

Энэхүү уулзалтыг 2 дахь удаа зохион байгуулж байгаа бөгөөд эхний уулзалтын зочдоор Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолчид Б. Жамбалдорж, Н.Минжинсайхан, О.Цэнд-Аюуш, С.Баттулга, Э.Гантулга зэрэг залуу яруу найрагчид оролцож байсан юм. 

Номын клубийн нөлөөллийн ажлын хүрээнд Төв аймгийн Нийтийн номын санд хагас жилийн байдлаар 3000 гаруй уншигч хүрэлцэн ирсэн нь уншигчид нэмэгдсэн гэдгийг албаныхан онцоллоо. 


Холбоотой мэдээ