БАЯНХОНГОР: Гадны аймаг, сумаас 24 мянга гаруй толгой мал оторлож байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-09-23 13:55:19

Баянхонгор /МОНЦАМЭ/. 2022-2023 оны өвөл, хавар Баянхонгор аймгийн 20 сумын 103 багийн 13.2 мянган малчин өрхийн 8.3 мянган хот айлд 4 сая гаруй толгой мал өвөлжиж хаваржина. Тодруулбал, тэмээ 48.9 мянга, адуу 161.9 мянга, үхэр 244.4 мянга, хонь 1.2 сая гаруй, ямаа 2.4 сая шахам буюу хонин толгойд шилжүүлснээр 6.2 сая мал өвөлжиж, хаваржих урьдчилсан дүн гараад байна.  

Одоогийн байдлаар тус аймгийн 12 сумын 93 малчин өрх бусад 14 аймаг, Улаанбаатар хотын орчимд 5426 толгой бод, 26086 толгой бог бүгд 31512 толгой мал отроор явж байгаа аж. Харин өөрийн аймгийн бусад сумын нутагт 84 өрхийн 35184 толгой мал сүрэг, аймаг дундын отрын бүсэд Бууцагаан сумаас 13 өрхийн 8400 толгой бог, 180 толгой бод бүгд 8580 толгой мал отор хийж байна. 

Мөн Өмнөговь аймгийн Гурвантэс, Сэврэй, Ноён сумаас Баянлиг суманд 33 өрхийн 6600 бог,  Баянговь сумд 25 өрхийн 7808 бог, Шинэжинст суманд 10 өрхийн 5920 бог бүгд 81 өрхийн 20328 бог мал отроор намаржиж байгаа аж. Түүнээс гадна Завхан аймгийн Отгон сумаас 4 өрхийн 2398 бог, Алдархаан сумаас 1 өрхийн 1203 бог, Говь-Алтай аймгийн Гуулин сумаас 1 өрхийн 350 бог бүгд 6 өрхийн 3951 бог Баянбулаг сумд оторлож байна. Өөрөөр хэлбэл гадны аймаг, сумаас Баянхонгор аймагт 74 өрхийн 24279 толгой мал оторлож байгаа юм. 


Ташрамд дуулгахад, Энэ өвөл, хавар хүнсний хэрэгцээ болон зах зээлд борлуулах мал 442.6 мянган толгой буюу тэмээ 3.6 мянга, адуу 10.9 мянга, үхэр 15.8 мянга, хонь 142.7 мянга, ямаа 269.2 мянган толгой байгаа аж.

Холбоотой мэдээ