БАЯНХОНГОР: Улсын цолтнууддаа мялаалга өргөн, хүндэтгэл илэрхийллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-03 10:24:11

ЛОНДОН. /Reuters/. Баянхонгор /МОНЦАМЭ/. Тулгар төрийн 2230, 2231 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815, 816 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111 жил, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн үндэсний баяр наадмаар хотол түмнээ цэнгүүлэн баясгасан улсын цолтнууддаа УИХ-ын дарга Г.Занданшатар, Нутгийн зөвлөл, Баянхонгор аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ хамтран мялаалга өргөн, хүндэтгэл илэрхийллээ. 

Улсын наадмын дэвжээнд 21 насандаа анх удаа гарахдаа онцлох уран барилдаан гаргаж Улсын Начин цол хүртсэн Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат Энхтүвшингийн Батмагнайд 2 өрөө орон сууцыг бэлэглэв.

Мөн Улсын баяр наадамдаа хоёр удаа шөвгөрч, хоёр удаа зургаа давсан Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Монгол улсын үнэн зоригт харцага Нацагсүрэнгийн Золбоо, Улсын наадмын дэвжээнд цолоо дахин баталж, чимэг хүртсэн Монгол Улсын начин өсөх идэр начин Болдын Эрдэнэхүү нарт тус бүр 20 сая төгрөгийг мялаалга болголоо.

Түүнээс гадна Ардын хувьсгалын баяр наадмын түүхэндээ анх удаа Хонгор нутагтаа их морийн түрүү магнайг хүртээлгэж, “Дүүгүүр хээр” хүлгээ хурдлуулсан Баацагаан сумын харьяат, аймгийн алдарт уяач Сүрэнжавын Энхтөрд 20 сая төгрөгийг мялаалга болгон гардуулсан юм.

Холбоотой мэдээ