СЭЛЭНГЭ: 19 иргэнд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-03 22:43:20

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Канад-Монголын нарийн мэргэжлийн нүдний эмч нарын хамтарсан баг Сэлэнгэ аймагт ажиллаж байна.

 

Улсын нэгдүгээр төв эмнэлэг /УНТЭ/ болон Канад улсад төвтэй "Laurel Surgical Foundation" олон улсын байгууллагын хамтарсан баг урьдчилсан үзлэгээр оношлогдсон нүдний болорын цайлттай 70, далавч хальсны эмгэгтэй 10, сормуусны буруу ургалт засах 1 нийт 80 гаруй иргэнд хагалгаа хийхээр төлөвлөсөн байна.

 

Өнөөдөр эхний 19 иргэнд үнэ төлбөргүй хагалгаа хийжээ. Эмч нар, төслийн багийнхан аль болох олон иргэнийг хамруулах зорилгоор 2 зэрэг хагалгаа хийж, шахуу хуваариар, ачаалал ихтэй ажиллаж байгаа аж.

 

Дээрх багийнхан "Сэлэнгэ аймгийн ард иргэдийг нүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлж эрт үед нь оношлох, өвдсөнийг эмчлэх зорилт" дэвшүүлсэн. Өнгөрсөн 7 дугаар сард алслагдсан 12 сум болон аймгийн төвд нүдний тусламж үйлчилгээ шаардлагатай иргэд, ахмад настнуудад үнэ төлбөргүй сайн дурын урьдчилан сэргийлэх үзлэг оношилгоо явуулж. 1128 иргэнийг үзлэгт хамруулсан юм.

 

Мөн үзлэгийн зэрэгцээ өрх, сумын эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтнүүдийг дадлагажих сургалтад хамруулсан байна.

Энэхүү нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамрагдаж, хагалгааны заалтаар оношлогдсон иргэд Канад, Монгол эмч нарын үзлэгт дахин хамрагдаж, энэ удаа ийн хагалгаанд орж байгаа аж.

Холбоотой мэдээ