Нийслэлийн хог хаягдлын менежментийг сайжруулах төсөл хэрэгжүүлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-04 14:56:25

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Итали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лаура Ботта тэргүүтэй Италийн үндэсний судалгааны зөвлөл, түүний дэргэдэх Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтийн төлөөлөгчидтэй уулзлаа.


Энэ үеэр талууд Улаанбаатар хотын хог хаягдлын менежментийг сайжруулах, ногоон эдийн засгийг дэмжих зорилготой байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах 3R /ариглая, ангилъя, ашиглая/ дадал буюу “3R4UB” төслийн талаар санал солилцов. Түүнчлэн “Туул, Сэлбэ гол орчмыг сайжруулах төсөл”-д хамтран ажиллах санамж бичиг байгуулахаар боллоо. Төлөөлөгчид тус төсөлд мэргэжлийн зөвлөгөө өгнө гэдгээ илэрхийлжээ.



Нийслэлийн Засаг дарга “Байгалийн нөөцийн тогтвортой хэрэглээг хангах “3R4UB” төслийг 2024 он хүртэл хамтран хэрэгжүүлэхэд баяртай байна. Ногоон хөгжлийг бий болгох, нүүрстөрөгчийн ялгарлыг багасгах, байгалийн нөөцийг үр ашигтай ашиглахад чиглэсэн энэ төсөл нь хог хаягдлын менежментийг сайжруулах, иргэдэд хог хаягдлыг багасгах, зүй зохистой ангилан ялгах зөв уриалгыг хүргэхэд ач холбогдолтой. Иймд бүх талаар дэмжихэд бэлэн. Мөн төсөл хэрэгжиж буй салбарт хүний нөөц бэлтгэх чиглэлээр хамтран ажиллахад таатай байх болно” хэмээлээ.


Элчин сайд Лаура Ботта судалгаа, түүнээс гарах дүгнэлт чухал ч үүнийг үр дүнтэй болгох хүчин зүйл нь бодлого, шийдвэр гэдгийг онцлов. “3R4UB” төслийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэг дэх хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрийг засаж байгаа. Мөн Хөгжлийн инновац ба үйлчилгээ судлалын институтээс Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, тулгамдсан асуудалд үндэслэн мастер төлөвлөгөө гаргана гэдгээ хэллээ.



Италийн төлөөлөгчид Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад хамтран ажиллаж, инженер, технологийн туслалцаа, мэргэжил, арга зүйн төлөвлөгөө боловсруулах боломжтой. Мөн нийслэлийн ойрын 30 жилийн инженер төлөвлөлтийн зураг гаргах, инженерийн салбарыг дэмжих, хүний нөөц бэлтгэхэд хамтран ажиллах боломжтой гэлээ.


Нийслэлд жилд дунджаар 1.3 сая тн ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдал бий болдог. Улаанбаатар хот үүнээс 11.4 хувийг нь дахин боловсруулах хүчин чадалтай. Нийслэлд бүртгэлтэй хог хаягдал дахин боловсруулах 34 үйлдвэр байгаагаас одоогоор 14 байгууллага идэвхтэй ажиллаж бана. Тэдгээр нь голдуу хуванцар, бор цаасны дахин боловсруулдаг аж. 

Холбоотой мэдээ