Японд “BA.5” дэд хувилбарын эсрэг вакцинд зөвшөөрөл олгожээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2022-10-06 10:13:12

ТОКИО. /Mainichi/. Японы Эрүүл мэндийн яам одоогоор давамгайлан тархах болоод буй “омикрон” хувилбарын “BA.5” дэд хувилбараас хамгаалах зориулалтаар АНУ-ын “Pfizer” компанид гарган авсан коронавирусний шинэчилсэн вакцинд зөвшөөрөл олгожээ.


Мөн тус яам “Pfizer”-ын “омикрон”-ы анхны омгийн эсрэг вакцинд 6 сартайгаас 4 настай хүүхдүүдийг хамруулахыг зөвшөөрсөн байна. Ингэснээр Японд ийм насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрсөн “COVID-19”-ийн анхны вакцин энэ болжээ.


“Pfizer” компани “омикрон”-ы “BA.4”, “BA.5” болон өмнөх омгуудын эсрэг үйлчлэх вакциндаа есдүгээр сард зөвшөөрөл хүсээд байсан юм. Мөн “Moderna” компанийн Япон дахь салбар ижил вакциндаа зөвшөөрөл олгох хүсэлт гаргасан талаараа лхагва гарагт мэдэгджээ.


Эдгээр компанийн шинэчилсэн вакцинуудыг АНУ-д яаралтай журмаар хэдийнээ хэрэглэж эхлээд байгаа юм.


Японд одоо үргэлжилж буй “COVID-19” халдварын долоо дахь давлагааг намжаахын тулд эрх баригчид “Moderna”, “Pfizer” компанийн “омикрон”-ы нэмэлт тунд иргэдийг есдүгээр сараас хамруулж эхэлсэн ч тэдгээр нь “BA.1” дэд хувилбарын эсрэг үйлчлэх зориулалттай байсан юм. 

Холбоотой мэдээ