272 хүнийг усанд осолдохоос аварчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-19 17:47:20

Онгцой байдлын алба хаагчид энэ оны эхний хагас жилд үер усанд автаж болзошгүй 250 айл өрхийг нүүлгэн шилжүүлж, 272 хүнийг усанд осолдож эндэхээс аварсан талаар өнөөдөр ОБЕГ-аас мэдээлэв.

Гол, усны аюулын тоо, хохирлыг бууруулах, ард иргэдийг усны ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, тусламж үзүүлэх, иргэдэд сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэх ажлыг эрчимжүүлэх зорилгоор  ОБЕГ-аас  “Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай”, “Бэлэн байдлыг хангах тухай” албан бичгийг төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги, байгууллагуудад хүргүүлжээ. Уг бичгийн хүрээнд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсүүд 104-ийг сумдын Засаг даргад мэдэгдэл хүргүүлж, 50 мянга 832 иргэнд мессежээр сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэж, 11 мянга 586 иргэнд 386 удаа үер усны ослоос урьдчилан сэргийлэх сэдвээр сургалт зохион байгуулсан байна. Мөн үер усны аюулд өртөж болзошгүй газруудад 226 анхааруулах самбар шинээр байршуулжээ.

Гол усны ай сав газар аялал зугаалж буй иргэд болон зусаж байгаа айл өрхүүдийн 43 мянга 457 иргэнд болзошгүй усны ослоос урьдчилан сэргийлэх санамж тараасан байна. Түүнчлэн үерийн ус зайлуулах 75 суваг шуудууг сэргээн засварлажээ. Мөн ослоос урьдчилан сэргийлэх талаар төв, орон нутгийн телевизээр 441 удаа, FM радиогоор 177 удаа, урсдаг самбар, лед дэлгэцээр 1588 удаа, сонин хэвлэлээр 66 удаа, сайтад 28 удаа мэдээлэл байршуулан ард иргэдэд хүргэсэн байна.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ