БАЯНХОНГОР: Шалгалтыг зургаан ээлжээр зохион байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-10-14 09:10:37

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улс орон даяар нэгэн зэрэг эхэлж буй Төрийн албаны Ерөнхий шалгалт өнөөдөр /2022.10.14/  08.30 цагаас нээлтээ хийлээ. Тус шалтгалтын хуваарийн дагуу эхний ээлжинд 28 иргэн ирж оролцохоос 20 нь ирж 71.4 хувийн ирцтэйгээр 09.00 цагт шалгуулж эхлэв.


2022 оны хоёр дахь удаагийн Төрийн албаны Ерөнхий шалгалтад Баянхонгор аймгийн хэмжээнд 165 иргэн ерөнхий мэдлэг, монгол хэл бичиг, дүн шинжилгээ хийх гэсэн гурван шатны шалгалт өгөх юм. 


Шалгалтад оролцогчид дээрх бүрэлдэхүүн гурван шалгалтын тус бүрийн босго онооны болзлыг ханган тэдгээрийн нийлбэрийн 65 ба түүнээс дээш оноог авч, ТАЗ-ийн тогтоолоор баталгаажсанаар Ерөнхий шалгалтад тэнцсэнд тооцох юм байна.


Ташрамд дуулгахад, Монгол Улсын Төрийн албаны зөвлөлөөс Төрийн албаны ерөнхий шалгалт зохион байгуулах үйл ажиллагаанд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх зорилгоор Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан энэ сарын 13-15-ны өдрүүдэд Баянхонгор аймагт ажиллаж байна.


Тэрээр өнөөдөр (2022.10.13) 16.00 цагаас "Төрийн албаны тухай хууль"-ийн шинэчилсэн найруулгын талаарх мэдээлэл, төрийн албаны бүтээмжийг сайжруулах зэрэг сэдвээр Баянхонгор аймгийн төрийн байгууллагын дарга нар болон аймгийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтнүүдийг оролцуулсан сургалт зохион байгуулжээ.

Холбоотой мэдээ