ТӨСӨВ 2023: Цахилгаан эрчим хүчний хэрэглээ 5-6 хувиар нэмэгдэхээр байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-17 12:39:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 8 сарын байдлаар цахилгаан үйлдвэрлэл 4.3, дулаан үйлдвэрлэл 5.6 хувиар нэмэгдээд байна.


Төсөөллийг харахад 2022-2023 оны өвөл дулаан хангамжийн суурилагдсан хүчин чадал 2,537 Гкал.цаг байгаа ч системд холбогдсон хэрэглэгчдийн тооцоот ачаалал 2,992 Гкал.цаг, техникийн нөхцөлөө авсан 691 Гкал.цагийн хэрэглээ хүлээгдэж байгаа аж. Өнгөрсөн оны байдлаар 15 сая Гкал дулаан үйлдвэрлэж, хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангасан ч оргил ачааллын үед суурилагдсан хүчин чадлаасаа 6 хувиар давж байгаа нь нийлүүлэлт тасалдах ихээхэн эрсдэлтэй байгаа. Монгол Улсын төвлөрсөн эрчим хүч, дулааны хангамжийн систем нь хурдацтай өсөж буй эрэлтийг хангаж чадахгүй түвшинд байгаа юм.


Манай улс 2021 онд 9.7 тэрбум кВт.цаг эрчим хүч үйлдвэрлэжээ. Нийт 8.9 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч түгээсний 88 хувийг дотоодоос, 12 хувийг импортоор хангасан. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ сүүлийн жилүүдэд дунджаар 7-8, цаашид 5-6 хувиар нэмэгдэхээр байгаа нь дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлийн ачаалал болон эрчим хүчний импортыг өсгөхөөр байна.


Эрчим хүчний хангамжийн сүлжээ, тоног төхөөрөмжийн дийлэнх нь хуучирч элэгджээ. ДЦС-уудын цахилгаан дамжуулах шугамын дийлэнх хэсэг, дулааны шугам сүлжээний дамжуулах хоолойн 30 хувь, дэд станцын 30 хувь нь тус бүр 30-аас дээш жил болж ашиглалтын хугацаа дууссан. Сүүлийн 10 жилд дулаан, эрчим хүчний шугамын алдагдал 3-4, цахилгаан эрчим хүчнийх 13-15 хувь байгааг төсвийн төсөлд тэмдэглэжээ.


Хэрэглээтэй уялдаагүй үнэ, тарифын системээс шалтгаалан хэрэглэгч хэрэглээгээ хэмнэх, зөвөөр удирдах сонирхолгүй байдаг. Манай улсад 1 кВт цахилгаан эрчим хүчний үнэ дунджаар 6.2-6.3 ам.цент байгаа нь өдөр, шөнийн хэрэглээнээс хамааран өртгөөсөө 31-63 хувиар доогуур үнэтэй. Харамсалтай нь эрчим хүч, дулааны төлбөрийг нормд суурилсан байдлаар тооцдог тул хэрэглэгч дулааны хэрэглээгээ тохируулах боломжгүй. Өрхийн хэрэглээний 22-25 хувийг ус, цахилгаан, дулааны төлбөр эзэлдэг аж.

 

Холбоотой мэдээ