Нийтийн тээврийг сайжруулж, төв зам дагуух зогсоолуудын асуудлыг шийднэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-17 15:14:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийг сайжруулан, хүрэлцээг нэмж, төв зам дагуух зогсоолуудын асуудлыг шийдэх  талаар өнөөдөр болсон Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр хэлэлцэв.


Авто зогсоолын талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвийн захирал С.Адьяасүрэн танилцуулахдаа, "Төвийн 6 дүүрэгт 178 га талбайд 59.900 автомашины зогсоол байгаагаас 77 байршил дахь зогсоол нь нийслэлийн Замын хөгжлийн газартай гэрээтэй. Нийслэлийн зорчилт их бүсүүдэд 82.900 автомашины зогсоолын эрэлттэй судалгаа гарсан. Хүн төлбөр авдаг системээс татгалзаж, автоматжуулахад анхаарч байна" гэв.


Хотын дарга төлбөр авдаг системийг цахимжуулах, стандартад нийцсэн ногоон байгууламж байгуулах, дугуйн зам, явган хүний замыг нэмэхэд анхаарах хэрэгтэйг онцлов. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу 70 албан тушаалтан чөлөөлөгдөж, 40 байгууллагын 97 тээврийн хэрэгслийг төвлөрүүлжээ.


Нийтийн тээврийн тоо, хүртээмжийг нэмэх, цэвэрлэгээг тогтмол хийх үүрэг өгсөн. Энэ хүрээнд өглөө, оройн их ачааллын үед 14 чиглэлд дундаас эх авах зохицуулалт хийсэн байна. Мөн нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 20 аж ахуйн нэгжийн 861 тээврийн хэрэгсэлд үзлэг, шалгалт хийжээ. Түүнчлэн угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж байгааг танилцууллаа. Нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагаа 94 хувьтай байгаа аж. 

 

Холбоотой мэдээ