“Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-18 16:57:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын түгжрэлийг багасгахад тулгамдаж буй асуудал, шийдэл, олон улсын сайн туршлага, олон нийтийн оролцоо, хууль, тогтоомжийн зохицуулалт сэдвээр “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” хэлэлцүүлэг зохион байгууллаа.


Нийслэлийн 458 мянган га талбай нутаг дэвсгэрт 1.6 сая хүн амьдарч, 665 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож, тээврийн хэрэгсэл жилд 70-80 мянгаар нэмэгдэж байгаа судалгаа бий. Улаанбаатар хотыг 600 мянган хүнтэй байхаар төлөвлөсөн ч энэ тоо 3 дахин нэмэгдсэнээр түгжрэл асуудал болоод байгаа. Иймээс түгжрэлийг багасгах гарц, шийдэл, үүнд олон нийт хэрхэн хувь нэмрээ оруулах тухай хэлэлцсэн юм.


Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Түгжрэл зөвхөн Улаанбаатар хотод байдаггүй. ОХУ-ын Москва хотод явган зорчилтыг дэмжих бодлого баримталж, нийтийн тээврээ шинэчлэн, уулзварыг өргөтгөн, олон түвшнийх болгож, LRT нэвтрүүлэх зэргээр 15 сая иргэнтэйгээ нэгдэн түгжрэлээ шийдсэн. Улаанбаатар хотын төвлөрөл, түгжрэл сүүлийн 30 жилд хуримтлагдсан. Хот өөрөө автомашиныг бүртгэж, улсын дугаар олгож, газрын бүртгэл хийж, бүсчлэл, хураамжийг тогтоодог байх ёстой. Хөгжилд саад учруулж буй хуулийг өөрчилж, түгжрэлийг багасгахад хууль, эрх зүйн орчин хэрэгтэй. Зөвхөн нийслэлийн төсвөөр түгжрэлийг бууруулах боломжгүй. Жишээлбэл, авто замын бүтээн байгуулалтыг гүйцэтгэж буй зарим компани урьдчилгаа авалгүйгээр, өөрсдийн хөрөнгөөр ажлаа эхлүүлсэн. Төсөв багасвал бүтээн байгуулалт зогсоно. Хотын төсөв жил бүр 420 тэрбумаас буурахгүй байх Засгийн газрын тогтоол гарсныг тодотгох нь зүйтэй. Цаашид ч хөрөнгийн бусад эх үүсвэр, боломжийг босгоно” хэмээлээ.


Харин УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд, Түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар хэлэхдээ “Түгжрэлийг багасгахын тулд зам, гүүр баръя гэх нь бий. Нийслэлийн удирдлагууд энэ чиглэлээр хэд хэдэн ажил эхлүүлсэн байна. Энэ ажлаа үргэлжлүүлэхэд хөрөнгө, санхүү санаа зовоох асуудал юм. Төвлөрлийг задлахын тулд зах, худалдааны төвүүдийг нүүлгэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх, нийтийн тээврийг шинэчлэх олон ажил багтана” гэсэн юм.


Иргэдийг гарцаар гарах үед нь 2 урсгалд оруулан цэгцтэй явуулах, автобус хүлээхдээ чиглэлээрээ хуваагдан хүлээх замаар цагаа хэмнэж, замд ч ачаалал нэмэхгүй байх шийдэл харуулсан бичлэг цахим орчинд түгсэн. Энэ ажлыг санаачилсан “Моод” нэвтрүүлгийн продюсер Б.Болд “Хүн бүр тулгамдсан асуудлыг олж харан, түүнийгээ шийдэх гэж оролддог, шийдэж буй нэгнээ үнэлж хүндэлдэг байвал улс орон хөгждөг юм болов уу. Монгол Улстай адил цөөн хүн амтай, жижиг боловч хөгжингүй орон олон бий. Тэдний сайн туршлагаас санаа авч, эх орондоо хэрэгжүүлье. Түгжрэлийн шалтгаан авто зам, машины тоонд байгаа ч түүнээс илүү бидний хэв маяг, зуршил, хандлагад бий. 1980-1990-ээд онд Улаанбаатар иргэндээ ээлтэй, чөлөөтэй алхах боломжтой, жишиг болсон хот байсан гэж мэргэжилтнүүд хариулдаг. Түүнээс хойш олон том зам тавьж, эгнээ, урсгалыг нэмэн, хэд хэдэн гүүр барьж, уулзвар, гарцуудыг нэмсэн. Гэвч түгжрэл нэмэгдэж, дугаарын хязгаарлалт, хичээлийн эхлэх цагт зохицуулалт хийсэн. Хот машинд зориулагдсан, бид машинаа уначихаад яаж түгжрэхгүй байх вэ гэж бодоод байгаа юм шиг. Бидний очиж үзсэн хотууд машинд зориулсан шийдэл гаргаснаар алдсанаа ойлгон, хурдны зам, гүүрээ нурааж, өргөн замаа нарийсган, оронд нь явган хүний зам тавьж, амрах, зугаалах боломжтой газар байгуулснаар түгжрэл нь бодитой багассан. Иргэд машинтайгаа хэрхэн түгжрэхгүй байх вэ бус, машинаасаа буугаад хэрхэн тухтай алхаж болох вэ гэж боддог, төр засаг үүнийг нь дэмждэг байвал түгжрэлийг бууруулна” хэмээн саналаа хуваалцлаа.


Түгжрэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлбэл зохих 300 гаруй ажлыг 36 багц болгон, үүнээс 2022 онд 12 багцын 49 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж байна. Үүнд

Сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэх

Нийтийн тээврийг шинэчлэх

Газар чөлөөлөх

Шинээр гол болон туслах авто зам, замын байгууламж барих

Яармаг дэд төв байгуулах

Явган хүний болон дугуйн замыг шинэчлэх

Гарааш болон хашаа, хайс буулгах

Уулзварыг дахин инженерчлэх зэрэг ажлууд багтаж буй юм.



Холбоотой мэдээ