ТӨСӨВ 2023: Төсвийн төслийг олон нийтээр хэлэлцүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2022-10-19 09:09:40

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Төсвийн байнгын хорооноос санаачлан 2023 төсвийн олон нийтийн анхны хэлэлцүүлгийг Төрийн ордонд зохион байгуулж байна.


Төсвийн төсөлд иргэдийн саналыг энэ сарын 7-17-ны хооронд “D-pariament” цахим ситтем, гар утас, цахим шуудангаар авсан юм. Цахим системээр 68 641 мянган хүн зочилж 14563 иргэн 2023 оны төсвийн тухай хуультай танилцжээ. Иргэдийн 798 саналаас 302 нь цахимаар ирснийг тухай бүрд нь хариуг нь өгч, холбогдох ажлын хэсэг Байнгын хороонд уламжиллаа.  Эдгээр саналын ихэнх нь зардлыг танах, халамжийг оновчтой болгох, төсвийн алдагдлыг багасгах тухай байв.


Хэлэлцүүлгийг нээж УИХ дарга Г.Зандаршатар хэлэхдээ, “Монгол Улс анх удаа улсын төсвийн төслөө ард олон, эрдэмтэд, ажил олгогчидтой хэлэлцэж байна. Энэ нь ард түмний засаглах эрхийг хангаж буй шинэ алхам юм.  2023 оны төсвийг цар тахлын дараа, геополитикийн хурцадмал байдалд батлах гэж байна. Барааны үнэ нэмэгдэж, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийн орлого хумигдан, тээвэр ложистикийн зардал өсөж байгаа нь дэлхий нийтэд учирч буй том бэрхшээл юм. Ирэх оны төсөв эдийн засгийг тогтворжуулах, эрсдэлт хүчин зүйлээс үүссэн бэрхшээлийг гарз хохирол бага даван туулах, төсвийн шинэчлэлийг бодит хэрэгжүүлж, зарцуулалтын үр ашгийг дээшлүүлэх, олон нийтийн хяналтыг тогтоох, хөгжлийг тэтгэсэн төсөв болгоход чиглэж байна. Хэлэлцүүлгээр үнэ цэнтэй санал, зөв шийдэл гаргана гэж итгэж байна. Эдийн засгийн өсөлт энэ оны хагас жилд 1.9 хувьд хүрч, инфляц сүүлийн 11 сард 2 оронтой тоонд хадгалагдлаа. Иргэд, бизнес эрхлэгчдийн орлого, цалин буурч, гадаад валютын албан нөөц 2.4 тэрбум ам.доллар болж багассан. Гадаад өрийн их дарамт бий. Иймд чуулганаар эдийн засгийг цаг алдалгүй тогтворжуулах нь чухал байгаа” хэмээв.



Тэрбээр цааш нь ярихдаа, "Эдийн засгийг цаг алдалгүй тогворжуулах бодлого хэрэгжүүлэх нь чухал. Төсвийн шинэчлэлийг эрчимжүүлэх, орлоготой иргэн хөтөлбөр, зарлагын шинэчлэлийг бодитой хэрэгжүүлж, төрийн хэмнэлтийн хуулийг мөрдөх, үйлдвэржилтийг дэмжин, хөрөнгө оруулалт татах, төрийн байгууллагын бүх шатанд төсвийн хяналт, сахилга бат хариуцлагын шинэчлэлийг хэрэгжүүлнэ. Алдагдалгүй, хяналттай төсөв, хөдөлмөр эрхлэлт, экспортыг дэмжсэн үйлдвэрлэл, орлоготой иргэн, сэргэн мандсан улс болохын төлөө эдгээр зорилтыг хэрэгжүүлэх ёстой. Төсвийн нэмэлт орлогыг нэмэх, зардлыг хэмнэвэл урамшуулах зарчмыг сэргээнэ. Эрүүл мэнд, боловсролын салбарт үр дүн, орлогод суурилсан зарчим бий болгон, хагас бие даасан статус олгож, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмсэн нь үр дүнтэй байгаа. Аймаг, сум орлогоо нэмэхийн тулд шинэ бизнесийг дэмждэг, энэ хэмжээгээр орлого нэмэгдсэнийг байгууллагын төсөвт үлдээдэг зарчмыг хэрэгжүүлбэл үр дүнтэй. Зарим байгууллагын үйл ажиллагааг гүйцэтгэлд суурилсан зарчимд шилжүүлж болно. Хоол, угаалга, ариутгал, засвар үйлчилгээ, харуул, хамгаалалтыг хувийн хэвшлээр гүйцэтгүүлвэл зардал хэмнэнэ. Хэмнэсэн зардлын 50 хувийг урамшуулалд, байгууллага, орон нутаг авч үлдэх бололцоо бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт хийж болох юм.


Түүнчлэн, Үндэсний баялгийн сан, Эрдэс баялгийн бирж Ашигт малтмын тухай хуулийн төслүүдийг төсвийн бодлоготой уялдуулах батлах цаг болсон. Дэлхийн эдийн засагт бий болсон шинэ эко системд давуу нөхцөлөө ашиглаж, хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн орчноо богино хугацаанд сайжруулах боломжтойг шинээчдийн саналаас харж болно. 2005-2022 онд жилд дунджаар 4 хувийн төсвийн алдагдалтай явж ирлээ. Иргэд халамж хавтгайрч, төсвийн зардал данхайсныг шүүмжилж байна. Төсвийн үр ашиггүй зардал өссөнөөр өр нэмэгдэх үндэс болсон гэж шинжээчид дүгнэсэн. Алдагдлыг өр зээлээ нөхөх зарчмаар шийдэж ирлээ. Төсвийн орлогыг бүх түвшинд нэмэх замаар далд эдийн засгийг багасгах бодлого хэрэгжүүлж, хөдөө аж ахуйн экспортын үйлдвэрлэлийг бодлогоор дэмжих хэрэгтэй байна.


Иргэдийн санал, мэргэжилтнүүдийн зөвлөмжийг харахад төсвийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, татварын орчныг сайжруулах, гадаад зээл тусламжийг эдийн засагт бодит үр өгөөжтэй төсөлд зарцуулах, алдагдалгүй төсөв батлах, онцгой татварын тогтолцоо нэвтрүүлэх, ажилгүйдлыг багасгах, нэмүү өртөг шингэсэн бизнесийг дэмжих, халамжийг зорилтот бүлэгт чиглүүлж, үүнийгээ хөдөлмөр эрхлэлтэй уялдуулах нь зүйтэй. Цаашид татвар төлөгчдийн санал бодлыг төсвийн олон нийтийн хэлэлцүүлэгт анхаарч, энэ хэлэлцүүлгийг жил бүр зохион байгуулж байхаар төлөвлөж байна" гэсэн юм. 


Иргэд олон нийтийн оролцоо санал бодолд тулгуурлан улсын төсвөө хэлэлцэх хэлэлцүүлэгт цахимаар 300, танхимаар 400 гаруй хүн оролцож байна. Нэгдсэн хэлэлцүүлгээс гадна төсвийн ил тод байдал, халамжаас хөдөлмөрт, боомтын сэргэлт, тогтвортой эдийн засаг гэсэн салбар хуралдаанаар үргэлжилнэ.

Холбоотой мэдээ