Сургууль, цэцэрлэгийн бүртгэл эхэллээ

Монголын мэдээ
ariunbold@montsame.mn
2016-08-22 12:11:16

Нийслэлийн төрийн өмчийн цэцэрлэгүүдийн элсэлтийн бүртгэл өнөөдрөөс эхэллээ.

Бүртгэл энэ сарын 26-ныг дуустал үргэлжилнэ. Эцэг эхчүүд өөрсдийн иргэний үнэмлэхний хуулбар, Хүүхдийнхээ төрсний гэрчилгээ, хоёр хувь цээж зураг, оршин суугаа хорооны тодорхойлолтын хамт харъяа цэцэрлэгтээ бүртгүүлэх юм.

Ерөнхий боловсролын сургуулиуд сургуулийн насны бүх хүүхдүүдийг хамруулах боломжтой. Харин цэцэрлэгийн насны 145 мянган хүүхэд байгаагийн 101 мянгыг нь элсүүлэх боломжтой байгаа юм. Мөн өнгөрсөн хичээлийн жилд хүмүүжиж байсан хүүхдийг үргэлжлүүлэн суралцуулах аж. Бүх хүүхдийг хамруулж чадахгүй тул цэцэрлэгт бүртгэхдээ "Элсэлтийн тасалбар" тараах бөгөөд тасалбараараа наймдугаар сарын 26-ны өдөр сугалаа явуулж, сонгогдсон хүүхдүүдийг сургах юм.

2015-2016 оны хичээлийн жилд нийслэлийн Төрийн өмчийн 233, төрийн бус өмчийн 399 цэцэрлэгт 91 мянга 687 хүүхэд хамрагджээ. Үүнээс 69 мянга 428 буюу 75.7 хувь нь төрийн өмчийн, 22 мянга 259 буюу 24.3 хувь нь хувийн өмчийн цэцэрлэгт хамрагдсан байна. Харин 2016-2017 оны хичээлийн жилд нийслэлд 31 цэцэрлэгийн шинэ болон өргөтгөлийн барилга ашиглалтад орж, орны тоо 3990-ээр, төрийн бус өмчийн 44 цэцэрлэгт 2225-аар нэмэгдэх юм.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ