Төмөр замаар тээсэн ачаа 4.5 сая тонноор багаслаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-21 07:39:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төмөр замаар тээсэн ачаа энэ оны эхний 9 сард 19.3 сая тонн болж, өмнөх оны мөн үеийнхээс 4.5 (19 хувь) сая тонноор багаслаа.


Төмөр замаар тээсэн ачаа багасахад экспортын ачаа 3.1 (34.7 хувь) сая тонн, дотоод ачаа 806.3 (8.8 хувь) мянган тонноор тус тус буурсан нь нөлөөлжээ. Харин төмөр замаар тээсэн ачаа энэ оны 9 дүгээр сард 2.3 сая тонн болж, өмнөх сарынхаас 64.1 (2.8 хувь) мянган тонноор нэмэгдсэн байна. Үүнд нүүрс тээвэрлэлт өмнөх сарынхаас 37.5 хувиар нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээлэв.


Төмөр замаар энэ оны эхний 9 сард тээсэн ачаа өмнөх оны мөн үеийнхээс уул уурхайн бүтээгдэхүүн 3.2 (22.1 хувь) сая тонн, барилгын материал 417.9 (17.2 хувь) мянган тонн, хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүн 54.9 (31.1 хувь) мянган тонн, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн 54.5 (36.7 хувь) мянган тонн, хар төмөр 46.9 (22.1 хувь) мянган тонноор тус тус багассан аж.


Цар тахлын нөхцөл байдлын улмаас өмнөх оны мөн үед төмөр замын зорчигч тээврийн үйл ажиллагааг хязгаарлагдмал байсан бол энэ оны эхний 9 сард зорчигч 1.9 (давхардсан тоо) сая болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (29.7 дахин) сая хүнээр нэмэгдлээ. Төмөр замын тээврээр зорчигчдын 99.4 хувийг орон нутагт зорчих иргэд эзэлж байна. Төмөр замын тээврээр зорчигчид энэ оны 9 дүгээр сард 232.1 (давхардсан тоо) мянга болж, өмнөх сарынхаас 87 (27.3 хувь) мянган хүнээр цөөрөв.


Төмөр замын тээврийн орлого энэ оны эхний 9 сард 521.2 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 73.6 (12.4 хувь) тэрбум төгрөгөөр багаслаа. Үүнд төмрийн хүдэр, барилгын материал, жонш, жоншны баяжмалын тээвэрлэлт багассан нь нөлөөлсөн байна. Төмөр замын тээврийн орлого энэ оны 9 дүгээр сард өмнөх сарынхаас 1.5 (2.2 хувь) тэрбум төгрөгөөр багасаж 66 тэрбум төгрөг болжээ.

Холбоотой мэдээ