Хуримтлалын өдрийг энэ жил аймаг, орон нутагт өргөн тэмдэглэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-10-26 10:46:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Иргэд, ААН-ийн нийт хадгаламж улсын хэмжээнд 17.4 их наяд төгрөг байгаа талаар Монголбанкнаас мэдээллээ. Өнгөрсөн 8 дугаар сарын байдлаар нийт хадгаламжийн 87 хувь буюу 15.1 их наяд төгрөг нь иргэдийн, 13 хувь буюу 2.3 их наяд төгрөгийг байгууллага, ААН-ийн хадгаламж бүрдүүлж байна.


Иргэдийн хадгаламжид хуримтлал чухал үүрэгтэй. Тиймээс энд ач холбогдол өгөх үүднээс хуримтлалын аяныг зохион байгуулж байна. Тодруулбал, жилийн бүрийн 10 дугаар сард тохиодог Дэлхийн хуримтлалын өдрүүдийг манай улсад сарын аян болгон тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ талаар Монголбанкны Олон нийтийн санхүүгийн боловсролын төвийн захирал Б.Одонтунгалагаас тодруулав.




-Дэлхийн хуримтлалын өдрүүдийг манай улсад хэдийнээс хэрхэн тэмдэглэж ирэв? Энэ жил хэрхэн зохион байгуулж байна вэ?

-Манай улс энэ өдрүүдийг 2017 оноос тэмдэглэдэг уламжлал тогтсон. Энэ жил “Дэлхийн хуримтлалын өдөр-2022”-ийг Завхан аймгийн төв Улиастай хотоос эхэлж, Төв аймаг болон улсын хэмжээнд үргэлжлүүлж, нийслэлд энэ сарын 29-нд нэгдсэн үйл ажиллагаа болж, 31-нд өндөрлөх юм. Энэ жил аймаг, орон нутагт өргөн тэмдэглэж байгаагаар онцлог болж байна. Завхан аймагт гэхэд аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголбанкны салбар, арилжааны банкуудтай хамтран бүх суманд зохион байгуулж байна. Үүний өмнө хуримтлалын өдрүүдийн нэгдсэн үйл ажиллагааг Орхон, Дархан-Уул, Сүхбаатар, Төв аймагт зохион байгуулж ирсэн.


-Аяны ач холбогдол, үр дүнгийн талаар тодруулна уу?

-Хуримтлалтай болох нь иргэдэд аливаа нэг эрсдэлийг даван туулах чухал нөөц бололцоог бий болгодог. Ковид-19 цар тахлын улмаас өрхийн болон улс орны эдийн засагт тодорхой бус байдал давамгайлж байсныг хүн бүр санаж байгаа.

Иргэд санхүүгийн мэдлэг, сахилга баттай байхад аливаа санхүү, эдийн засгийн сорилтыг давж чадах хөшүүрэг болдог. Тиймээс жил бүр “Хуримтлалын аян” хэлбэрээр нөлөөллийн ажлуудыг хийж ирсэн. Монголчууд бидний дунд нийтлэг ажиглагддаг зан төлөв бол орлогоо бүрэн зарцуулах хандлагатай байдаг.




Санхүүгийн боловсролыг ярьж, сурталчилж байгаагийн нэг зорилго бол иргэд санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрт ашигтай сонгоход чиглүүлэх явдал юм. Эдгээрийн нэг нь яах аргагүй хадгаламжийн бүтээгдэхүүн. Ирээдүйд юу болохыг хэн ч урьдчилан харж чадахгүй учраас санхүүгийн хувьд хүчтэй, өөртөө итгэлтэй, төлөвлөгөөтэй, хадгаламжтай байх нь энгийн, хэвийн амьдралын үндэс юм.


-Иргэд хуримтлалд хэр ач холбогдол өгч байна. Таны хэлээд буй хандлага хэр өөрчлөгдөж байна? Энэ талаар юуг зөвлөх вэ?

-Хуримтлуулж эхлэх нь зарим хүнд тийм ч амар санагддаггүй. Гэсэн ч эхлүүлэх нь чухал. Хуримтлал үүсгэхэд тодорхой зорилго, төлөвлөгөөгөө гаргахаас эхэлнэ. Хуримтлалыг нэг удаад хийгээд орхих биш тогтмол хийх нь үр дүнтэй. Санхүүгийн мэргэжилтнүүд цэвэр орлогынхоо 10-15 хувийг хуримтлуулахыг зөвлөдөг. Мэдээж хуримтлал танд дарамт болж болохгүй. Хэмнэлт тань ухаалаг байх хэрэгтэй.


Төсөв гаргаж, дээрээс нь хэмнэж сурсан байхад та хангалттай түвшинд хуримтлал бий болно. Хадгаламж нь таны зорилго, мөрөөдөлтэй холбогдвол илүү үр дүнтэй. Дунд, урт хугацааны зорилготойгоо уялдуулан хуримтлуулах нь чухал. Нэгэнт та хуримтлуулахаар шийдсэн бол цалин, орлогоосоо шууд хадгаламжийн данс руугаа тодорхой өдрүүдэд тогтмол дүнгээр мөнгөө автоматаар банкнаас татуулж байвал хуримтлал тасалдахгүй байх ач холбогдолтой гэв.




Тэрбээр, хүн болгон санхүүч, эдийн засагч байх албагүй, гэхдээ иргэн бүр санхүүгийн мэдлэгтэй, ялангуяа мөнгө, хөрөнгөө хуримталж байх нь энэ цаг үед чухал байгааг онцолж байна. Иргэд санхүүгийн мэдлэг, боловсрол мэдлэгтэй байх нь хувийн санхүүгээ дээшлүүлэхээс гадна улс орны эдийн засагт чухал ач холбогдолтой. Хадгаламжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг харилцагч банкуудаас сонгон авахыг уриалсан юм.


Хуримтлалын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэх нь зөвхөн Монголбанкны хийж буй ажил бус, энд БШУЯ-ны Насан туршын боловсролын Үндэсний төв, Гэр бүл, хүүхэд залуучуудын газар, ХБНГУ-ын Шпаркассе банкны сан,  аймгуудын Засаг даргын Тамгын газар, банк, санхүүгийн байгууллагуудын төлөөлөл зэрэг гадаад, дотоодын төрийн болон ТББ олон байгууллага хамтран зохион байгуулж нийгмийн сүлжээг хуримтлалын асуудалд хандуулан идэвхжүүлэх, санхүүгийн боловсролыг түгээх сургагч багш нарын орон нутагт бэлтгэх зэргээр өргөн оролцож байгааг онцлов.


Тодруулга: Энэ жилийн Дэлхийн хуримтлалын өдрийг “Ирээдүйнхээ төлөө хуримтлуулцгаая!” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Дэлхийн хуримтлалын өдрийг 1924 оноос Итали улсаас эхлэн тэмдэглэж ирсэн бол манай улс 2017 оноос тэмдэглэж байна.

 

Холбоотой мэдээ