МИАТ ТӨХК Хонконг чиглэлийн нислэгээ сэргээлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-04 14:45:43

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МИАТ ТӨХК дэлхий нийтийг хамарсан цар тахлын улмаас 2020 оны 2-р сарын 15-наас эхлэн цуцлаад байсан Хонконг чиглэлийн нислэгээ дахин эхлүүллээ.


Хонконг чиглэлийн нислэгийг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн баасан гарагт үйлдэхийг МИАТ компани мэдээлэв. 


Зорчигч нь Хонконг руу нэвтрэхдээ дараах шаардлагыг хангана

-Вакцины бүрэнд тунд хамрагдсан англи эсвэл хятад хэлээрх гэрчилгээтэй байх.

-Сүүлийн 24 цагт Ковид-19-ийн түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариутай байх

-2 талын эсвэл цааш дамжин нисэх тасалбартай байх. (Хонконгийн оршин суух эрхтэй, болон Хонконг иргэдэд хамаарахгүй)

-Хонконгоор дамжин БНХАУ-руу нисэхийг Хонконг ОУНБ-аас хориглосон. (Хонконгд нэвтэрснээс хойш 3 хоногийн дараа БНХАУ руу зорчих эрх нээгдэнэ.

-Эрүүл мэндийн цахим хуудас бөглөж ногоон өнгөтэй QR кодтой байх. Дараах холбоосоор орж бөглөнө. https://www.chp.gov.hk/hdf/


Хонконгт нэвтэрсний дараа:

-Хонконг нь ковид-19-н журмын шаардлагыг зөөлрүүлж ирж буй зорчигчийг тусгаарлах шаардлагагүй болгосон. Зорчигч нар 3 хоног өөрийгөө ажиглаж хоолны газар, саун, фитнесс зэрэг газраар орохгүй. Харин дэлгүүр, нийтийн тээвэр, үзвэрийн газар гэх мэт үйлчилгээ нээлттэй.

-Хонконгийн ОУНБ-д ирсэн бүх зорчигчоос ковид-19 вирусний PCR шинжилгээг үнэ төлбөргүй авна. Дараа 2, 4, 6 дахь өдөр нь мөн PCR шинжилгээг өгнө. Шинжилгээний цагийг https://booking.communitytest.gov.hk/form/index.jsp хуудсаар орж бүртгүүлнэ.

-Буусан өдрөөс эхлэн 7 хоногийн хугацаанд өдөр бүр Ковид-19 вирусний түргэвчилсэн шинжилгээг өөрөө хийж зургийг https://nhqsdata.hqss.ogcio.gov.hk/ibt/#/login хуудсаар орж илгээнэ.


Хонконгийн хилийн шалган нэвтрүүлэх постод анхаарах зүйлс (Immigration)

Хонконг руу нэвтрэх хяналт шалгалт чанга байгаа тул хилийн шалган нэвтрүүлэх постын ажилтан таны аяллын зорилго, хөтөлбөр, Хонконгд байх хугацаанд байрлах хаяг – гэр бүлийн гишүүн болон найз нөхдийн гэрт бол тус хүний утас, овог нэр, буудалд байрлах бол баталгаажсан захиалгын хуудас, буцах болон цааш дамжин нисэх тасалбар,  Хонконгд байх хугацаандаа санхүүгийн хангалттай чадавхтай эсэхийг асуух магадлалтай.

Холбоотой мэдээ