СОЁЛЫН ЭЛЧ: Э.Баатаржав: Дэлхийн туулийн сан хөмрөгт монголчууд хамгийн баялаг өвтэйд тооцогдоно

ТОЙМ
boloroo8136@gmail.com
2022-11-08 13:55:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Соёлын элчээр 2019 онд томилогдсон Монголын соёлын өвийг өвлөн тээгч, туульч Э.Баатаржавтай ярилцсанаа толилуулж байна.


Тэрбээр 1995 оноос “Шанхайн эртний Ази”, “Обертон хоолойн дуу хөөмийн олон улсын наадам”, “Бад Эзинерийн фестиваль”, “Дэлхийн ардын урлагийн наадам”, “Сангисляны олон улсын наадам”, “Суломино”, “Дэлхийн нүүдэлчдийн наадам”, Домниканы эртний хөгжмийн олон улсын хурал зэрэгт амжилттай оролцож ирсэн. Мөн АНУ-ын Веслианы их сургууль, Стэнфорд, Харвардын их сургууль, Кембрижийн их сургууль зэрэг дэлхийн тэргүүлэх сургуулиуд болон томоохон тайз дэлгэц, Холливудын тайз, угсаатны орднуудад хөөмий, цуурын урлагийн талаар лекц уншиж, Монголын өв соёлыг сурталчлан таниулах, цаашлаад ЮНЕСКО-ийн соёлын өвд язгуур өвийн талаас баримтжуулан бүртгүүлэх үйл ажиллагаанд үнэтэй хувь нэмрээ оруулсан уран бүтээлч билээ. Тэрбээр өвөг дээдсээс уламжлан ирсэн үндэсний өв соёл, Монгол ёс заншлаа дэлхийн 80 гаруй улсад сурталчлан таниулж, энэ урлагаа өвлөж авснаас хойш тасралтгүй 30 гаруй жил зүтгэж яваа юм.


-Монгол Улсын Соёлын элчийн хувьд өвөг дээдсээс уламжлан ирсэн өв соёлоо сурталчлан таниулах чиглэлээр ямар ажил хийж байна вэ?

-Соёлын элчээр томилогдсон шалтгаан гэвэл туулийн өвлөн уламжлагч, өв тээгчийн хувьд баруун аймгийн өв тээгчтэй нутгийн баг бригад, сум суурингаас эхлээд өв соёлоо харьцуулж судалсан. Монгол, тэр дундаа баруун монголын өв соёл гадаад улс оронд ямар түвшинд хөгжсөнийг мэдэх гэж эхлээд монгол туургатангаар 4,5 жил, дараа нь эсгий туургатан Казах, Киргиз, Кавказ, Башкир, Татар, Хакас зэрэг нүүдэлчин байсан эсгий туургатан улсаар их явсан. Түүнээс хойш дэлхий ертөнц гуравдагч орны хүмүүс өв соёлыг их сонирхдог болсон. Амьдралынхаа 30 гаруй жилийг өв соёлоо сурталчлан таниулах, харьцуулан судлах ажилд зориулаад байна. Одоогоор 80 гаруй орноор явж өв соёлоо сурталчлан таниулсан.


-Сүүлийн үед цар тахлаас шалтгаалан явж чадаж байна уу?

-Сүүлийн хоёр жил монголынхоо нутаг орныг хоёр удаа тойрч явлаа. Зан үйл нэлээн мэддэг учраас 70 гаруй хайрханы 20-иод ууланд тахилга хийсэн. Газар ус, ёс заншил, сав шимийг шүтдэг уламжлалаа сэргээх гэж хүмүүстэй хоёр жил гаруй явлаа. Өмнө нь Их Алтай гэж Шинжааны Тэнгэр уул, Горный Алтай, Алатау, Памир, Тувагийн Мөнгөн тайгаБай тайга, Хэм, Енисей мөрний сав нутаг, Саяны нуруу гэх мэт дээр үед туульсын чиглэлээр зан үйл хийдэг байсан өвгөдийнхөө явж байсан газар нутгаар болон Монголдоо Ховд, Баян-Өлгийн уулс Увс нуурын ай сав Хархираа-Түргэн, Хэнтийн долоон Бурхантын сав нутаг зүүн хязгаар газрыг тойроод өв соёлтой холбоотой туульсын нэртэй газар усаар явсан.


-Уул тахихдаа ямар зан үйл үйлддэг вэ?

-Уул усны нашир өргөх зан үйл, 13 овооны зан үйл гээд хоёр том зан үйлийг хийдэг. Эдгээр болон бусад зан үйлийг болж өгвөл уламжлалаар нь хийхийг зорьж ирлээ.


-Монгол Улсын соёл урлаг, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэхийн төлөө бусад Соёлын элч нартайгаа хэрхэн хамтарч ажилладаг вэ. Эх орноо сурталчлах талаар та бүхэн хэр холбоотой байдаг вэ?

-Бусад Соёлын элч нартайгаа сүүлийн 5 жилд харилцаж байна. 2019 онд Соёлын элчээр томилогдохоосоо өмнө ч харилцаатай байсан. Өмнө нь манай Соёлын элч нар дэлхийд нэртэй тамирчид голдуу байсан. Манай соёл урлагийн салбарынхан,тамирчид, циркийнхэн дэлхийгээр их явж ёс заншлаа сурталчилдаг. Монголчуудад тоглохоос гадна гадны хүн монголын өв соёлыг сонирхож байгаа нь гайхамшигтай. Урлаг, спорт, тэр дундаа эртний урлаг хөөмий, морин хуур, цуур гэх мэтийг сонирхож олон  оронд уригдаж хүрч очиж, сурталчилж байгаа нь давуу тал юм. Миний хувьд Англид байгаа Соёлын элч Ж.Өнөрмаатай хамтран Кембрижийн их сургуульд очиж лекцээ тавьсан. Тухайн үед дорно дахины судлалын захирал биечлэн ирсэн нь монголчуудыг гүн гүнзгий ойлгох, монгол судлалд тустай ажил болсон. Түүнээс гадна Соёлын элч”-үүд харилцан цахимаар мэдээллээ солилцож байна. Цар тахал намжвал Соёлын элч”-үүд хамтран дэлхий ертөнцөөр өв соёлоо цогцоор нь үзүүлж харуулах талаар зорилттой ажиллаж байна. Би Ё.Отгонбаяр сайдын үеэс “Дэлхийн том сувгуудыг Монголд авчрах хэрэгтэй байна” гэж хэлдэг байсан. Учир нь зөвхөн NHK телевизээр монголынхоо өвөрмөц өв соёлын тухай 20-30 минут гаргахад л хэдэн сая хүн үздэг. Бидэнд нэг хэсэгтээ л өөрсдийгөө харуулах зүйл хэрэгтэй байна.  Ингэхийн тулд дэлхийн том том сувгуудтай харилцах хэрэгтэй. Бусад мэдээллийн сувгаар монгол дотроо болоод өнгөрсөн үйл явдлууд ихэвчлэн гардаг. Холливудын “Universial studio”-д өмнө нь очиж өв соёлоо сурталчлах бололцоо бүрдэж байсан. Холливуудын ууланд очиж тууль хайлж байлаа. Тэнд ажиглагдсан нэг зүйл бол дэлхийн нэртэй том сувгууд Холливудын тайз, цэнгэлдэх гэх мэт газарт цуглардаг. Тиймээс тийм  газруудад монголын урлагийн бүх төрлийг сурталчлах боломж бүрдэнэ гэж үе үеийн сайдуудад саналаа хэлдэг байлаа. Тухайн үед сайд Ц.Оюунгэрэл биднийг дэмжин ажиллаж эхэлж байсан юм.  Бид Стэнфорд баруун Калифорни руу холбоотой ажиллан монголыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож байлаа. Тэгээд хэсэг хугацаанд өөр сайд нар солигдоод хэсэг тасарсан.


Харин одоо Соёлын сайд Ч.Номингийн урилгаар дэлхийн томоохон продакшнууд Монголд энэ жил ирсэн. Монголчуудын өвөрмөц онцлог, үндэсний давуу чанарынхаа нэгээхэн хэсгийг бид харуулж чадлаа. Манай киноныхон амжилттай явж байна. “The Hu” хамтлаг болон бусад хамтлаг эх орноо дэлхийд сурталчилж байна. Мөн орчин үеийн урлаг, дуурийн урлагийнхантай холбоотой ажиллаж байна. Монголчууд төрөлхийн дуучин, авьяаслаг ард түмэн учраас дэлхийн түвшний дууг дуулж чадаж байна. Монгол хүн яагаад дуучин байдаг юм, яагаад өвөрмөц онцлогтой байгаа талаар шинжлэх ухаанчаар судалгааны дүгнэлт хийхэд нь өөрийн хувь нэмрээ оруулж явна. Одоогоор дэлхий дээр Монгол, Итали гэсэн дуучин хоёр ард түмэн байна. Монголчууд өндөр өнгөнд дуулахдаа их чадамжтай. Бараг хагас, бүтэн актив дээшээ дуулах бололцоотой. Ямар ч хэцүү техник шаарддаг дууг захын хүн сураад богино хугацаанд чадвар эзэмшээд дуулж чадна. Дуу харьцангуй бага дуулдаг, сонирхдог ард түмэн бас бий. Монголын урлаг язгуур холын их ундаргатай юм. Дэлхийн эртний гүрэн байсны соёлын баримт, шинж чанар манай ард түмэнд шингэж үлдсэнээр нь бахархаж явдаг.

-Таныг Монголоос анх удаа эсгий туургатнууд дээр очиж хоолойн олон эрдэм, их туульс, цуураа сурталчилсан хүн гэдэг. Гадныхан хэр хүлээн авдаг вэ?

-Эсгий туургатнууд гэвэл эсгий гэртэй, нүүдэлчин амьдралтай улс. Ихэвчлэн Алтай язгуурын олон угсаатны бүлгийн  хэлтэй ард түмнүүд байдаг. Зарим нь суурин соёл иргэншилд шилжсэн. Тэд язгуур соёлоо их сонирхдог, бидний монголчуудын соёл тэдний өвөг дээдсийн соёлтой төстэй. Хоёр утастай домбор, товшуур, тошболуур, хомууз, туульсын өвүүд байна. Үүнийг харьцуулж судлах ажлыг олон жил хийж байна.

 

-Өв тээгч, өвлөн уламжлагчийн хувьд туулийг хэзээнээс хайлж эхлэв. Хэнээс өвлөн уламжлан авсан бэ?

-Туулийг аав Хоо-Живэрт, Баян-Алтайн удмын галын Эрдэнэцогт гэж туульч хүнээс өвлөн авсан. Хоо-Живэртийн гал цаашаа Буурал Арван, Сэнкирай, Гилайн-Ээв, Боднаа гээд үргэлжилдэг. Манай Ховд аймгийн Дуут сум бол туулийн арвин өв сантай газар. Тэнд урианхайн гурван өөр галын том туульчид амьдарч байсан. Нэг гал нь манай Баян-Алтайн удмын гал. Нөгөө хоёр галын туульчдаас 1970-1980 онд хүүхэд байхдаа олон зүйл сонсож, мэдэж сурч авсан.


Тууль бол багтаамж, цар хэмжээ ихтэй учраас хурдан сурдаг урлаг биш юм. Дэлхий дээрх туультай орнуудаас түүхэн цаг үеийн хамгийн олон туультай, амьд уламжлагчтай, арвин өв сантай орны тоонд манай улс ордог. 


Энгийн жижиг хэмжээ, метражтай өв соёлыг сурахад харьцангуй бага цаг зарцуулна. Тууль цар хүрээ өргөнтэй, дотроо олон янзын түүх болон соёлын баримтуудыг хадгалж, хэл шинжлэл, угсаатан зүй, хүн судлал зэрэг бусад урлагтай холбогдоно. Тухайлбал, ЮНЕСКО-гийн шинэ категори ай сав гарч уул ус тахих зан үйлтэй холбогдож байна. Тууль өргөн том сэдэв учир судлахад судалгааны ажил ихтэй. Тухайн үед манай Ховд аймагт намайг оюутан байх үед Багшийн дээд сургуулийн хэл уран зохиолын салбарт нэрт тууль судлалын доктор Б.Катуу гуай багшилж байв. Бид хоёр тэр үеэс хойш 30-аад жил хамтарч ажилласан. Мөн Лха.Туяабаатар доктор манай удам судрын галын тууль болон Алтайн урианхай туулийг нэлээн судалсан. Тэднээс тууль, соёлын өвийг хэрхэн судлах, хэрхэн хандах, эзэмшсэн  өвөө зөвхөн хайлдаг төдийгүй тайлбарладаг, мөн чанарыг нь ойлгодог байх талд анхаарч, чармайж олон жил явлаа.


-Туулийг хэрхэн цээжилж, тогтоодог нь сонирхолтой санагдаж байна?

-Тэр орчинд хэсэг хугацааны дараа, сэтгэл зүрхээ өгөөд, удмын өгөгдөл гэж байх ёстой. Тэднийг тэтгээд явж байтал хүүхэд хэлд орж байгаа юм шиг бага багаар тууль хайлж эхэлдэг. Тууль хайлж эхлэхийн өмнө Алтайгаа хайлж сурах, товшууртай харьцаж сурах гэхчлэн үе шаттай. Хожуу нэг мэдэхэд тууль хайлж сурдаг. Хамгийн гол нь сэтгэл зүрхтэй, түүндээ хандсан зүйлийг байнга хийдэг хүн л туульч болно доо. Мөн тэсвэр тэвчээр, дуу хоолой хэрэгтэй.


Улс орон, нүүдэлчдээр явахад нэг хувь хүн явж байгаа биш “Улс орон минь миний мөрөн дээр байна” гэж ойлгодог. Улс орныхоо нэрийн өмнөөс юм ярина гэдэг хариуцлага байдаг. Зөв ярьж, хүмүүстэй зөв харьцах хэрэгтэй. Тухайн хүн их л олон зүйлийг хариуцлагатай үүрч авч явах хэрэгтэй. Зөвхөн тууль биш хөөмий, цуур, монголын эртний хөгжмүүд, малыг гаршуулж, гэрийн болгохоос өмнөх  ангийн соёлтой холбоотой зүйлүүдийг сурталчилж явдаг.


-Та хэдэн туулийг өвлөн тээж яваа вэ. Тоолж үзсэн үү?

-Миний хайлдаг тууль жил ирэх тусам нэмэгдэх хандлагатай байна. Өвлүүлж өгсөн тууль ч их бий. Шинжлэх ухаанд бүртгэгдсэн Урианхайн 16 тууль бий. Тэдний ихэнхийг хайлна. Түүнээс гадна Далд сүмэлж ёсны тууль, Алтан сүмэлж ёсны тууль гээд багц туулийг хайлна. Мөнх сайхан төрт Алтан Торц” гээд төрийн тууль хайлна. Мөн нүүдэлчдийн ихэнх угсаатан үндэстний туулийг цуглууллаа. Дэлхий дээр туультай 10 гаруй улс бий. Гэхдээ монгол шиг арвин баялаг сантай биш, нэг туультай, 3-4 туультай гэх мэт. Монголын ШУА-д байгаа хэрэглэгдэхүүн болсон эрдэмтэн судлалын бүх туулийг харьцуулж дүгнэлт хийлээ. Дэлхийн туульсын фонд надад цугларсан гэж хэлж болох үндэслэлтэй. Түүнийгээ шинжлэх ухааны ажил болгоё хэмээн олон жил бодсоны эцэст 2014 оноос Эрдмийн их сургуульд соёлын суурь судлалын чиглэлээр анх суралцсан. 2018 оноос үргэлжлүүлэн эрдмийн ажил болгон тасралтгүй хэдэн жил нягтлан сууж өнгөрсөн хавар хамгаалсан. Ингэхдээ ганц хоёрхон тууль дээр биш өргөн цар хүрээг хамруулсан. Нэг тууль гэхэд нэг жижиг  ном болно. Зарим тууль бүтэн том ном болно, хэмжээ нь харилцан адилгүй байдаг. Энэтхэгийн Махабарата, Рамаяна, манай Жангар, Гэсэр, Хан Харангуй гээд олонд алдаршсан туулиуд байна. Мөн бидний өвөг дээдсийн эрт цагийн туулиудыг бүгдийг цуглуулан туулийг ангилах оролдлого хийсэн.


Эрдэмтэн судлаачид туулийг нэг цаг үеийнх гэж ойлгодог. Гэтэл ихэнхдээ олон өөр цаг үеийнх байдаг. Түүнийг оноогоод гаргаад ирэх юм бол судлах хүмүүст амар хялбар ойлгох баримжаалах чиг, зам бүрдэх,  залуу судлаачид боломж олгоно.


Тухайлбал, нэг туулийг судлаач нар сонгоод судаллаа гэхэд төрт ёсны өмнөх үеийнх, төрт ёсны үеийнх, баатарлаг үеийнх, эсвэл эрт цаг үеийнх юм байна гэж ангилах бололцоог нь бүрдүүлсэн. Оросын болон дэлхийн эрдэмтэд туулийг дундад зууны үед хоёр ангилсан. Мөн нэмж үл мэдэх цагийн туульс гэж ангилсан. Тэд бидний өвөг үеийн туулийг нь ойлгохгүй учир энэхүү ангиллыг оролцуулан би анх зургаа болгон үечилж, зургааг шигшин тав болгон ангилсан. Дундад зууны сүүл үеийн, дундад зууны, дундад эртний, эртний, нэн эртний, өвөг тууль гэж ангилсан. Энэ нь Хүннүгийн түүхэнд хүрээд  бүх юм зогсчихдог биш түүнээс цааш материал байна гэсэн үг. Монголын аман билгийн өв гэдэг нь ямар их гүн утгатай, боломж бололцоотой, ямар холоос өгөгдөлтэй гэдгийг эртний, нэн эртний, өвөг туулиас харж болно. Тэдгээр цөөн туульд том оюун санаа нь байж байдаг. Энэ газар шороон дээр ямар эрт үеэс хүн амьдарч, их дээр цагаас монголчуудын дээд өвгүүд  газар дэлхийгээ таньж мэдэж байсан юм, байгальд ээлтэй ямар сайхан амьдарч байсан юм, хүний оюун ухаан ямар хурц байсан юм, хүн төрөлхтөн энэ соёл иргэншлээс өмнө ямар соёл иргэншилтэй байсан юм, дэлхий ертөнцийн гарвал үүсэл анх ямар байсан юм, оюун ухаант хүн амьтдаас хэрхэн өөрөөр ялгарч бий болсон юм, зорилго нь юу юм, муу болон сайн үйл яах гэж хийдэг юм, сайн үйл хийснээр хүн төрөлхтөнд ямар гэрэл гэгээтэй ариун зүйл болдог талаар эртний туулиудад гардаг. Үүнийг үр хойчдоо, бас соёлт хүн төрөлхтөнд ойлгуулж хүргэхийг хичээж явна даа.


-Үнэндээ тууль гэхээр хүмүүс Гэсэр, Жангараар л төсөөлдөг шүү дээ. Бүр эрт үеийн туульсууд ямар хэлбэрээр өвлөгдөж ирсэн бол?

-Удам дамжин голдуу ирдэг. Гэхдээ удам дамжсан туульчдаас сурсан туульч түүхэнд байдаг. 1838 оноос хойших 60 орчим туульчийн нэрс намтар бүхий материал надад цугларсан.

-Монголд хэчнээн туульч байдаг вэ. Урианхай тууль ямар онцлогтой вэ?

-Тууль хайлдаг хүмүүс дэлхий дээр тасарч байгаа. Гэхдээ монгол үндэстнүүдэд мэр сэр байгаа ч чамлалттай байна. Сургалтууд ч их явуулж байгаа. Энэ цагийн хүүхдүүд, хүмүүс дандаа яаруу сандруу, завгүй болжээ. Нүүдэлчин ахуй амьдрал даяаршлын эрин үед устаж мөхөх эрсдэлтэй болсон энэ үед өв соёлыг дараа үед дамжуулна гэдэг үнэхээр тулгамдсан асуудал болж байна. Төр засаг, олон улсын байгууллагаас хичнээн чармайж байгаа боловч том хэмжээний хөтөлбөр, сургалт явуулахгүй бол авч үлдэхэд хэцүү болсон. Монгол үндэстнүүдэд л цөөн хэдэн туульч байгаа. Уламжлалаараа хайлдаг туульчид бусад туультай улс оронд бараг байхгүй болж зөвхөн ном хэвлэлд л үлдсэн. Монголд 11 туульч байна гэж сүүлд бүртгэсэн. Ястан ястнаараа гэхээр бүр цөөхөн болж байгаа юм. Шинээр ардын урлагийн болон нүүдэлчний наадам зохион байгуулж байгаа нь үндэсний дархлаагаа сэргээхэд хувь нэмэртэй гэж итгэж байна.


 -Туулийг хүүхдүүд хэр сонирхож байна вэ. Өвлөн уламжлуулахын тулд ямар ажил хийх хэрэгтэй бол?

-Би диссертацын гуравдугаар бүлэгтээ туулийг түгээн дэлгэрүүлэх, өвлүүлэх уламжлуулахад чиглэсэн өөрийн амьдралаар туулж үзсэн ажлаасаа дүгнэн бодлого боловсруулж гаргасан. Түүнийг хэрэгжүүлж чадвал цөөхөн ч болтугай өвлөгч хүүхэд залуучуудад үлдэх боломжтой. Уг дүгнэлтийг  гаргахдаа олон жилийн судалгаа, практик амьдралыг харьцуулан гаргасан юм. Нэг төслийг ганц хоёр жил хэрэгжүүлээд орхих биш урт хугацаанд багш шавь нар хичээллэж, улс, аймаг, сум, компани, хувь хүн, хэвлэл мэдээллийн салбарынхан дэмжиж байж тасралтгүй хөгжинө. Тухайлбал, уртын дуу, адууны өв соёл сонирхдог хүмүүс манайд харьцангуй  олон бий. Тийм түвшинд аваачвал бололцоо нь бий.


-Тууль хайлж өв соёлоо үзүүлж харуулахад ямар мэдрэмж төрдөг вэ. Гадныхан болон монголчууд хэрхэн хүлээж авдаг вэ?

-Далд ертөнцийн олон бичигдээгүй хууль, түүхэн өөр цаг үед болсон чухал хэм хэмнэлийг энэ цаг үед авчирдаг. Язгууртан хаад дээдсийн удам шүү дээ бид. Саяхан Чингис хааны музей нээлтээ хийлээ. Язгууртны музей гэж нэрлээд нээгдэж байгаа нь сайхан санагдсан. Бидний дунд европынхон агуу хүмүүс, зөвхөн гадны эрдэмтэд сод хүмүүс, тэднийг нэрийг эхэлж дурдаад  монгол  эрдэмтдээ дурддаг тийм ойлголтоос ангижрах, баримт бололцоо гарч ирж байна. Тэгэхээр нүүдэлчдийн олон үеийн хаадын удам судар, тэдний хэрхэн амьдарч ирсэн, хоорондоо хэрхэн харилцдаг, улс гүрнээ хэрхэн удирдаж авч ирсэн тухай өгүүлэх төдийгүй тэр үеийн эрчисийг хурааж ирдэг гэж үздэг учраас энэ цаг үед тухайн тууль хайлуулж буй байгууллага, хувь хүнд сайнаар нөлөөлдөг.


-Нэг тууль хайлахад хэр хугацаа шаарддаг вэ?

-Хамгийн урт тууль гэвэл 4-5 өдрөөр хайлдаг тууль байна. Дунджаар нэг өдөр хагас, нэг өдөр, гурван өдөр дараалан хайлдаг эсвэл шөнөөр хайлдаг тууль мал хотолсноос хойш хайлна. Тууль харилцан адилгүй. Олон хоногоор хайлдаг туулийг их мөчлөг тууль гэдэг. Шинжлэх ухааны хэллэгээр хавсарсан нийлмэл үйл явдал гардаг туулиуд байна.


-Манайд хэчнээн тооны тууль байдаг юм бол. Хоорондоо юугаараа ялгардаг вэ?

-Дэлхий дээр туультай 10 гаруй орон байдгаас зарим оронд 1-3 тууль байна. Монголчуудад одоогоор  судлаачдын /Б.Катуу/ таамаг дэвшүүлснээр 500-700 тууль байсан гэж үздэг. Үүнээс шинжлэх ухаанд бүртгэгдсэн 100 гаруй, албан ёсоор нэр нь үлдсэн бусад материал нь дутмаг туулиудыг сэргээх ажилд би эрдэмтэн, тууль судлаач, хэл шинжээчидтэй хамтарч олон жил ажиллалаа. Одоогоор 270 гаруй туулийн нэр цуглуулан, 211 туулийг энэхүү эрдмийн ажилдаа хамруулан анализ хийгээд ангилсан. Нарийн төвөгтэй ажиллагаа, цаг хугацаа их шаарддаг амаргүй ажил.


Тэгэхээр Монгол туулийг хамгийн баян өв сан хөмрөгтэй гэж үзэж болно.


Гэсэн хэдий ч маш цөөн хүний хүрээнд эргэлтэд орж байдгаараа  харамсалтай. Үүнээс бид мөн чанарыг нь судалбал монголчуудын их гүрэн байсан гэдгийн том баталгаа болно. Чингис хааны музейн археологийн олдвор, хуучин цагийн үзмэрийг үзэж байх явцад надад туульсын ертөнц бууж ирж, харагдах шиг болсон. Жишээ нь, эртний үзмэрийн одоогийн нэр нь ингэж хэлэгдэж байна, хуучин нэр нь тийм юм байна. Юух гэдэг амьтан туульд гардаг. Домог зүйн ойлголтоор гараг сэлгэдэг гэж ярьдаг. Оюун ухаант хүн өөр гариг буюу нартас дээр амьдардаг. Тэнд амьдарч буй оюун ухаанаас энд оюун ухааныг дамжуулахад тэдгээр олон зүйл домгийн амьтан чухал үүрэгтэй гэж үздэг.  Түүний нэг нь ганц эвэртэй гөрөөс юм. Нэг эвэрт гөрөөсийг “Билэгч гөрөөс гэж шинжлэх ухааны нэрээр нэрлэдэг. Туулийн нэр нь “Юух юм. Тэр бол нэг гөрөөс биш 5-9 төрлийн юух юм. Түүний бэлгэдлийг Хүннү фэйшний н.Гансүх, зураач н.Хишигсүрэн болон бусад зураач, барималчидтай хамтран олон түмэнд хүргэхээр сүүлийн хэдэн жилд дүрсжүүлэх ажлыг хийж байна. Мөн манай нэртэй хамтлагууд бэлгэдэл болгон зүүдэг. Надад ч бий. Чингис хааны музейг нээснээр өв соёлыг олон талаас нь харьцуулж тайлбарлах, гадны урлаг, хэл соёлын судлаач, шинжээч эртний хөгжим судлаач мангайд ирэхэд түүнийг тайлбарлах орчин бодит бололцоо бий болж, шинэ боломж бүрдэж байна.  


Холбоотой мэдээ