Ж.Байден Египет, Камбож, Индонезийн удирдагчидтай уулзана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2022-11-09 09:08:22

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден уур амьсгалын асуудлаарх дээд хэмжээний уулзалт, Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо /АСЕАН/, “Хорийн бүлэг”-ийн уулзалтын хүрээнд Египет, Камбож, Индонезийн удирдагчидтай уулзана гэж засаг захиргааны өндөр түвшний төлөөлөгчид мягмар гарагт мэдээлжээ.


Харин Ж.Байден БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй тусдаа уулзалт хийх эсэх талаар төлөөлөгчид мэдээлээгүй байна. АНУ, БНХАУ-ын Засгийн газар Ж.Байденыг 2021 оны нэгдүгээр сард албан тушаалдаа орсноос хойш хоёр удирдагчийн нүүр тулсан анхны уулзалтыг зохион байгуулах чиглэлд ажиллаж байгаа юм.


Ж.Байден Уур амьсгалын тухай НҮБ-ын Суурь конвенцод нэгдэн орсон орнуудын 27 дахь удаагийн бага хуралд оролцохоор баасан гарагт Египетэд хүрэлцэх ирэх бөгөөд энэ үеэрээ хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах чиглэлд гаргаж буй Америкийн хүчин чармайлтын талаар танилцуулж, Египетийн Ерөнхийлөгч Абдель-Фаттах эль-Сиситэй хоёр талын уулзалт хийнэ гэж төлөөлөгчид мэдээлжээ.


АНУ-ын Ерөнхийлөгч Камбожид бямба, ням гарагт айлчилж, АНУ-АСЕАН-ы жил тутмын дээд хэмжээний уулзалтад оролцоно. Тэрбээр мөн Зүүн Азийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн асуудалд анхаарлаа хандуулан, Өмнөд Хятадын тэнгист дүрэм журамд суурилсан олон улсын дэг журам тогтоох АНУ-ын амлалтын талаар мэдэгдэл хийх ажээ.


Түүний дараа 11 дүгээр сарын 13-16-ны өдрүүдэд Ж.Байден “Хорийн бүлэг”-ийн дээд хэмжээний уулзалтад оролцохоор Индонезид айлчилна. Уулзалтын үеэр тэрбээр Украиныг хамгаалсаар, Оросыг буруушаасаар байх болно гэж төлөөлөгчдийн нэг нь мэдээлсэн байна. 

Холбоотой мэдээ