ӨВӨРХАНГАЙ: Эрдэнэ-Зуугийн цам бүжгийг түгээн дэлгэрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-11-09 15:49:21

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Төв халхын үнэт зүйлийн нэг, язгуур өв нь Эрдэнэ-Зуугийн цам юм. Анх 1786 онд Номч цорж Лувсандавгадаржаа өөрийн шавь, их хүрээний унзад, аграмба Сэнгэравдангийн хамт Төвөдийн Намжил дацангийн цамаас санаа авч, Эрдэнэ-Зуугийн цам бүжгийг дэглэж байжээ.

 

Хөх хотын урлаач Доржоор удирдуулан Монголын олон гар урлаачид цамын хувцас, баг, чимэглэл зэргийг урлаж байсан байна. Эрдэнэ-Зуу хийдэд жил бүр Майдар эргэх томоохон ёслол болох бөгөөд энэ үеэр цам харайдаг байж.

 

Эрдэнэ-Зуугийн цамын бүжгийн онцлог нь Гомбогүр сахиусын 28 цамаар голлон бүжиглэдэг ба Жаажин цэрэг буюу 20 орчим энгийн хүн, мөн хар, шар, цагаан гэсэн гурван өвгөн бүжиглэдгээрээ бусад цамаас ялгаатай юм.  

 

Уг бүжгийг өнөө үед Хархорин сумын Соёлын төвийн дэргэдэх "Шидэт бүжиг" хамтлаг өвлөн уламжилж, түгээн дэлгэрүүлэхээр зорьж байна. Нүүдэлчин-2022 биет бус өвийн их наадам, Дэлхийн соёлын фестивальд тус хамтлагийнхан цамын бүжгээр оролцож, өв соёлоо сурталчилжээ.

Холбоотой мэдээ