ДУНДГОВЬ: "Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоо" сэдвээр хэлэлцэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-11-09 16:53:02
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. МОНФЕМНЕТ Үндэсний Сүлжээ Watchdog Community хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр "Хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоо" сэдвээр олон талт цахим хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Тус хөтөлбөрийг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэйгээр Бүгд найрамдахчуудын Олон улсын хүрээлэнгийн хэрэгжүүлж буй “Залуучууд, эмэгтэйчүүдийн сонгууль, улс төрийн оролцоог идэвхжүүлэх нь” төслийн хүрээнд хэрэгжүүлж байгаа аж.

Олон талт хэлэлцүүлэгт төрийн байгууллага, их, дээд сургуулийн багш нар, ЕБС-ийн нийгмийн ухааны багш, судалгааны байгууллага, хүний эрх, хүүхэд хамгаалал, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажилладаг гэх мэт ИНБ болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөл нийт 58 хүн оролцлоо. Орон нутгийг төлөөлж, 9 аймгийн ИНБ, ИТХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын ажилтнууд оролцсон байна.

Хэлэлцүүлгийн эхэнд МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний ерөнхий зохицуулагч Д.Энхжаргал Watchdog Community хөтөлбөрийн тухай танилцуулж, өнөөдөр хууль тогтоох үйл явцад иргэдийн бүтээлч, утга учиртай, бодитой оролцоо чухал байгааг онцолсон.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын Тамгын газрын Цахим парламент, инновацын газрын дарга Б.Өлзийбат “Цахим парламентын сайн туршлага ба сургамж, ЗГХЭГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Э.Бат-Идэр “Мэдээллийн ил тод байдлын үнэлгээ”, “Цогц хөгжлийн үндэсний төв”-ийн захирал М.Энхбадрал UIN.mn буюу “Төлөөллийн хариуцлагыг дээшлүүлэх, иргэдийн хяналтыг дэмжих зорилготой хараат бус, ашгийн бус талбар”-ын танилцуулга хийлээ.

Түүнчлэн Watchdog Community хөтөлбөрийн багаас хуулийн төсөл дээр ажиллаж буй туршлагаа танилцуулж, илтгэлүүдтэй холбогдуулан оролцогчид ярилцлага өрнүүлж, санал солилцсон юм.

УИХ-ын Тамгын газраас "D-parlament" аппликэйшнээр дамжуулан хуулийн төслүүд дээр иргэдээс санал авах боломжийг бий болгож байгаа бол  “Цогц хөгжлийн үндэсний төв” UIN.mn вэбсайтаар дамжуулан УИХ-ын гишүүдийн үйл ажиллагаа, идэвх, санаачилга, хууль батлахад хэрхэн оролцож байгааг хянах боломжийг олгож байгаа аж.

Watchdog Community хөтөлбөрийн талаар МОНФЕМНЕТ үндэсний сүлжээний зөвлөх Ж.Чанцалдуламаас тодруулахад “Хөтөлбөр 2022 оны 8 дугаар сараас эхлэн 12 дугаар сар дуустал хэрэгжинэ. Манай хөтөлбөрт хуульч, өмгөөлөгч, судлаач, залуучууд, эмэгтэйчүүд, сэтгүүлч, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ЛГБТИК+ (нийгмийн цөөнх болсон иргэдийн эрхийг хамгаалдаг байгууллага), байгаль орчны хамгаалагч, хүний эрхийг хамгаалагч зэрэг олон талын төлөөлөл оролцож байна. Хөтөлбөрийн зорилго бол залуучууд, эмэгтэйчүүд, сонирхлын бүлгүүдийн дуу хоолой, оролцоог бодлого, хууль боловсруулах түвшинд гаргаж ирэхэд дэмжлэг үзүүлэх, залуучууд эмэгтэйчүүд, ИНБ, сонирхлын бүлгүүд болон хууль тогтоогч, шийдвэр гаргагчдыг  холбосон сувгийг хөгжүүлэх улмаар залуучууд, эмэгтэйчүүд өөрсдийгөө төлөөлөн дуугарч, бодлогын асуудалд санал өгөх, байр сууриа илэрхийлэх, эрх ашгаа хамгаалахаар эвлэлдэн нэгдэх орон зайг бүрдүүлэхэд  хувь нэмрээ оруулахад оршиж байгаа.

Оролцогч байгууллагууд, бүлгийн төлөөллүүд өөрсдийн амьдралд хамааралтай асуудал, бодлого, шийдвэрт нэгдэж дуу хоолой, байр сууриа илэрхийлэхээр хамтран ажиллаж байна.

Энэ хүрээнд хөтөлбөрийн оролцогчид намрын чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдтэй танилцан нэн тэргүүнд ажиллах, байр сууриа илэрхийлэх, дуу хоолойгоо хүргэх шаардлагатай хуулиудын төслийг сонгон авч, дөрвөн багт хуваагдан ажиллаж байгаа. Тодруулбал, Боловсролын багц хууль, Холбоо, сангийн тухай хууль, Нийгмийн даатгалын багц хууль, Хууль тогтоомжийн тухай хуулиудын төсөл дээр ажиллаж байна” гэлээ. 

Холбоотой мэдээ