“Голомт”: Хувьцаагаар 103.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр тооцжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-17 09:42:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. СЗХ-ноос арилжааны “Голомт” банкны олон нийтэд санал болгож буй үнэт цаасыг бүртгэсэн.

Улмаар тус хорооны энэ оны 11 дүгээр сарын 9-ний 634 тоот тогтоол болон Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын 9 дүгээр сарын 8-ны А/98 тоот тушаалын дагуу “Голомт банк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалгыг мөн энэ оны 11 дүгээр сарын 23-30-ны хооронд Монголын Хөрөнгийн биржээр дамжуулан хүлээн авахаар болсон юм.


“Голомт банк” ХХК-ийн олон нийтэд санал болгон гаргаж буй хувьцаа нь нэг бүр нь 1.285 төгрөгийн нэрлэсэн үнийн дүнтэй юм. Нийт 80,402,743 ширхэг хувьцааны анхдагч зах зээлийн арилжааны захиалга эхлээд байна.


Захиалгаар тус банк 103.3 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр төлөвлөжээ. Уг хөрөнгөөр банк өөрийн хөрөнгөө нэмэгдүүлж, ЖДҮ болон дунд бизнесийн зээл болон байгаль орчинд ээлтэй ногоон зээл, орон сууцны зээлийн багцыг 800 гаруй тэрбум төгрөгөөр өсгөх, цаашлаад санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, ирээдүйн бизнесийн тогтмол өсөлтийг ханган бий болгох боломж бүрдэнэ хэмээн тооцсон талаар Монголын Хөрөнгийн биржээс мэдээллээ. Үнэт цаасны танилцуулгыг энд дарж үзнэ үү. 

Холбоотой мэдээ