Орон нутгийн иргэд бүлгээрээ бизнес хийж эхэлжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-11-17 16:38:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ-аас өнөөдөр “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулганыг “Корпорайт” зочид буудалд зохион байгууллаа.



Тус чуулганаар дээрх байгууллагаас Дани улсын иргэний нийгмийн байгууллагатай хамтран манай улсын орон нутагт хэрэгжүүлж буй жижиг, дунд бизнесийг дэмжих төслийн үр дүнг танилцуулсан юм.


Энэ талаар төслийг Монголын талаас хэрэгжүүлэгч “Нийгмийн түншлэлийн сүлжээ” ТББ (NTS)-ын гүйцэтгэх захирал Н.Тунгалагаас тодруулбал, “Анх манай байгууллага Монгол-Дани улсын нийгэмлэгийн шугмаар аймаг, орон нутгийн иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлж, орлоготой, бизнестэй болгох, иргэний нийгмийн үйл ажиллагаанд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2004 онд байгуулагдсан юм.


Улмаар Дани улсын Засгийн газрын “Данида” сангаас санхүүжүүлэн орон нутагт нийгмийн ажилтнуудыг мэргэшүүлэхээс эхтэй ажиллаж, харин өнгөрсөн 2 жилийн хугацаанд “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төслөөр үргэлжлэн өргөжсөн. Төслөөр орон нутгийн жижиг, дунд бизнес эрхлэгч нар өнгөрсөн 3 жилийн хугацаанд нийт 278 1.5 тэрбум төгрөгийг хуримтлуулжээ. Энэ нь дээрх санаачилгын цар хүрээ өргөжиж буйг харуулж байна" гэв.


Өнөөдрийн чуулганд оролцсон Монгол-Данийн нийгэмлэгийн төслийн багийн гишүүн Повл Анкер Андерсен хэлэхдээ, “NTS”-ийн төслийн хэрэгжилт бидний зорьж байсан зорилтоос давсан үр дүн гарган үзүүлсэн нь бидэнд их сэтгэгдэл төрүүлж байна. Монголын хөдөө орон нутагт бизнес эрхлэлтийг бий болгож, дэмжих нь орон нутагт ажлын байр бий болгох, улмаар эдийн засгийн өсөлтийг хангахад үр дүнтэй хэрэгсэл болохыг харуулж байна хэмээн онцолсон юм.


Тэрбээр, гэхдээ бид Дани болон бусад улс оронд хэрэгжүүлсэн туршлагаасаа харахад дээрх хүчин чармайлт бүрэн хэрэгжих боломж нь тухайн улсын эрх баригчид болон иргэний нийгмийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих боломжтойг мэднэ. Энэ утгаар “Хариуцлагатай, тогтвортой нийгэм” төсөл хэдийгээр өндөрлөж буй ч Монголд төр, засаг, иргэний нийгмийн байгууллагын орон нутаг дахь бизнес эрхлэлтийн хамтын ажиллагааны эхлэл болон үлдэж байна гэсэн юм.


Өнөөдрийн байдлаар “Нийгмийн түншлэлийн сүлжээ” нь хөдөө, орон нутагт 185 бүлэг үүсгэж, 12 салбартай, 3 мянга шахам хүнийг хамруулсан үндэсний хэмжээний болон ажиллаж байна. Мөн Олон улсын Хөдөлмөрийн байгууллагын “Бизнесээ эхлүүл, бизнесээ хөгжүүлж, сайжруул” сургалтын хөтөлбөрийн хүрээнд 32 сургагч багш бэлтгэн, дотоодын 1960 бизнес эрхлэгчийг хамруулан хөгжүүлж, улмаар шинээр хоршоо, компани, ААН байгуулагджээ. “Нийгмийн түншлэлийн сүлжээ” нь бизнес хөгжлийн болон зээлийн бүлэг гэсэн хоёр хэлбэрээр ажиллаж байна.


“Хариуцлагатай, тогтвортой нийгэм” үндэсний чуулганд аймгуудын жижиг, дунд бизнес эрхлэгчдийн төлөөлөл оролцлоо.


Гэрэл зургийг Н.Батбаяр 

Холбоотой мэдээ