Орон сууцны барилга барих гэж байсан газрыг нийтийн эдэлбэрт бүртгэхээр боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-11-18 07:59:47

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргийн “Наран трейд” ХХК сургуулийн зориулалтаар барилга барина гэж байсан газартаа 16 давхар орон сууц барихаар ажлаа эхэлсэн байна. Оршин суугчид үүнийг эсэргүүцэн, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчид ханджээ.


Энэ дагуу НЗДТГ, Хот байгуулалт, хөгжлийн газар, Газар зохион байгуулалтын алба, НИТХ-ын төлөөлөгч нараас бүрдсэн 2 ажлын хэсгийн дүгнэлтээр Засаг дарга иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангаж, хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах тухай захирамж гаргалаа.


“Наран трейд” ХХК нь Баянзүрх дүүргийн 6-р хороонд орон сууц, сургуулийн цогцолбор барихаар зориулалтаар 19,980 ам метр газар эзэмшдэг. Гэвч тухайн газраа гэрээнд заасан зориулалтын дагуу 2 жилээс дээш хугацаагаар ашиглаагүй тул өмч хувьчлалаар худалдан авсан объектод хамаарахаас бусад 9076 ам метр газрыг хасаж, эзэмших талбайн хэмжээг өөрчлөв. Мөн “Наран трейд” ХХК нь эзэмшиж буй газартаа барилгын ажил эхлүүлсэн нь ойр орчмын байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг алдагдуулсан бөгөөд тус компанид барилгын ажил эхлэх зөвшөөрөл олгосон нь Улаанбаатар хотын тухай хууль, бусад холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн тул Архитектур төлөвлөлтийн даалгавар, барилгын ажлын зөвшөөрлийн гэрчилгээг хүчингүй болгожээ.  


Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Чөлөөлсөн газрыг нийтийн эдэлбэр болгож, ирэх хавраас ногоон байгууламж, тоглоомын талбай байгуулна. Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуульд хүн амын нягтаршил хэтэрсэн газруудад шинээр барилгын ажил эрхлэх зөвшөөрөл олгохыг хориглосон. Нийслэлээс иргэдийн эрх ашгийг хамгаалах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл бүрдүүлэх үүднээс нийтийн эзэмшлийн гудамж талбайг чөлөөлж, гарааш, хашаа, самбарыг буулгаж байна. Мөн ногоон байгууламжийг байгуулахаар төлөвлөж байна” хэмээлээ.


Холбоотой мэдээ