АРХАНГАЙ: Зудын эрсдэл аймгийн нийт 10 орчим хувьд их гэж гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
Архангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнд 2022-2023 оны өвөл, хаврын бэлчээрийн даацыг баг бүрийн бэлчээрийн ургац, малын тоо, бэлчээрийн талбайн хэмжээ, бэлчээр ашиглах хугацаа зэрэг мэдээлэл дээр үндэслэн багийн нутгаар тооцоолж гаргасан байдаг.
2022 оны 10 дугаар сарын 20-ны байдлаар гаргасан зудын эрсдэлийн зургаас үзвэл, аймгийн нийт 10 орчим хувьд их, 65 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бол 20 шахам хувьд бага, 5 орчим хувьд хамгийн бага эрсдэлтэй гэж гарсныг аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.
Энэ жил аймгийн нийт нутгаар агаарын дундаж температур 5, 6 дугаар сард олон жилийн дунджаас 1,8 -6,4 градусаар дулаан, 7 дугаар сард олон жилийн дунджаас 1.1-3,7 градусаар сэрүүн, өдөр, шөнийн температурын хэлбэлзэл ихтэй байсан нь бэлчээрийн ургамлын ургалтанд нөлөөлж, нэг наст болон хөл газрын ургамал голдуу ургасан, ургамал тачир, сийрэг байгаагаас нэгжийн ургац бага, ихэнх сумдад малын тооны хэт өсөлт их байгаатай холбоотой бэлчээрийн даац хэтэрсэн нь зудын эрсдэлийг нэмэгдүүлж байна хэмээн дүгнэжээ.
Бэлчээрийн даацыг Архангай аймгийн нийт нутгаар тооцоолж гаргасан дүнгээс үзвэл нутгийн 6,5 хувь нь бэлчээр нөөцтэй, 15,4 хувь нь бэлчээр хүрэлцээтэй, 66,5 хувь нь 1 - 3 дахин хэтэрсэн, 10,2 хувьд даац 3-5 дахин хэтэрсэн, 1.5 гаруй хувьд нь олон дахин хэтэрсэн байдалтай байна.
Өөрөөр хэлбэл, өвөл, хаврын бэлчээрийн даац нутгийн 20 гаруй хувьд хүрэлцээтэй,
харин 80 орчим хувьд нь хэтэрч гарсан.