Л.Энх-Амгалан: Судалгаанд зарцуулж байгаа зардал хангалтгүй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.tuul@montsame.gov.mn
2022-11-23 17:04:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар “Шинжлэх ухааны салбарын хөгжил, цаашид авах арга хэмжээний тухай” сэдвээрх Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонслоо.


Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаарх мэдээлэлдээ "Өнгөрсөн оны байдлаар төрийн болон хувийн хэвшлийн эрдэм шинжилгээний байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагын зэрэглэлд хамаарах дээд боловсролын нийт 71 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагад нийт 5085 судлаачид ажиллаж байгаагийн 26.5 хувь нь эрдэм шинжилгээний үндсэн ажиллагсад байна. Үндсэн ажиллагсадын 719 буюу 53.2 хувь нь эмэгтэйчүүд, 630 буюу 46.7 хувь нь эрэгтэйчүүд байна.


Нэг сая хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтнуудын тоо, судалгаа хөгжүүлэлтэд зарцуулж байгаа зардал гэсэн тоон үзүүлэлтүүдийг улс орнууд шинжлэх ухааны хөгжлийн гол үзүүлэлт гэж авч үздэг. Манай улсын хувьд нэг сая хүнд 374 эрдэм шинжилгээний ажилтан ногдож байна. Энэ нь ОХУ-тай харьцуулахад даруй 25 дахин бага юм. Судалгаа хөгжүүлэлтийн зардлын тухайд дотоодын нийт бүтээгдэхүүнд эзэлж байгаа зардлын нэг хувь ч хүрдэггүй. Ийм үзүүлэлтүүдтэй байхад шинжлэх ухааныг хөгжүүлэх нь хүнд асуудал гэдэг нь харагдаж байна.


Цаашид бид шинжлэх ухаан, инновац, технологийн салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын санхүүжилтийн тогтолцоог үр дүнд суурилсан өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлэх, салбарт шаардлагатай шинжлэх ухааны хүрээлэнгүүдийн нэгдсэн цогцолбор, шинжлэх ухааны парк, салбар дундын нээлттэй лабораторийг байгуулах зэрэг шаардлагатай дэд бүтцийг бий болгох, цахим шилжилтийг эрчимжүүлж, технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх, залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих зэрэг олон шинэчлэлийн зорилтыг төлөвлөн үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Энэ хүрээнд шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Шинжлэх ухааны паркийн эрх зүйн байдлын тухай анхдагч хуулийг тус тус батлуулахаар үзэл баримтлалыг боловсруулж, Хууль зүй, дотоод хэргийн яамтай хамтран батлуулахаар ажиллаж байна гэсэн мэдээллийг өглөө.

Холбоотой мэдээ