Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аяныг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-11-25 15:31:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж буй “Нандин бүхнээ хамгаалья: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” аяныг үндэсний хэмжээнд албан ёсоор эхлүүлж байгааг зарлаж өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийлээ.


Энэ жилийн аяны зорилго нь Жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлыг олон нийтийн анхаарлын төвд авчрах бөгөөд “Нандин бүхнээ хамгаалья: Өөрийгөө, гэр бүлээ, орчин тойрноо” ерөнхий сэдэв, уриан дор “Хүчээ урвуугаар биш зөвөөр ашигла”, “Эрхэм бүхнээ нандигная” эмэгтэй, эрэгтэй хүмүүсийг өөр өөрийн амьдралдаа эзэн болж, улам сайн сайхан амьдрахын төлөө эерэг арга замыг сонгож, бие биедээ ижил тэгш, хүндлэлтэй хандахыг уриалах юм. 


НҮБ-ын Монгол Улс дахь Суурин зохицуулагч Тапан Мишра энэ үеэр хэлэхдээ Жендэрт суурилсан хүчирхийллийн талаарх ойлголт мэдлэгийг дээшлүүлж, хүчирхийллийн суурь шалтгаан болдог жендерийн ялгавартай хэм хэмжээ, хэвшмэл ойлголтуудыг таслан зогсоох чиглэлд олон нийтийг идэвхтэй оролцохыг уриалдаг энэхүү хөдөлгөөнд Монгол Улс нэгдээд 25 жил болсныг онцлосны зэрэгцээ Ковид-19 цар тахлын эхэн үеийн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн асуудал одоог хүртэл сэтгэл түгшээсэн асуудал хэвээр буй. Иймд охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох нь бидний хамтын хариуцлага юм хэмээв.


Өмнөх жилүүдэд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбоотойгоор Жендэрт суурилсан хүчирхийллийн хор уршиг, гэр бүлийн хүчирхийллийн үр дагаврын талаар олон нийтэд ойлгуулах, тэдний анхаарлыг энэхүү асуудалд хандуулахад аяны үйл ажиллагаа илүүтэй чиглэж байв. Харин 2019 оноос НҮБ-ын бусад төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд аянд нэгдсэнээр аяны хамрах хүрээ өргөжиж, ажлын байран дахь бэлгийн дарамт, түүнээс сэргийлэх хариу арга хэмжээ авах гэх мэт Жендэрт суурилсан хүчирхийллийн бусад хэлбэрүүд рүү ажлаа хандуулах болсон байна.


Жендэрт суурилсан хүчирхийллийн эсрэг 16 хоногийн аян нь жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд тохиодог. Манай улсад анх 1997 оноос эхлэн Хүчирхийллийн эсрэг үндэсний төвөөс энэхүү аяныг зохион байгуулж, түүнээс хойш НҮБ-ын Хүн амын сан, Засгийн газрын байгууллагууд, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд, хөгжлийн түншүүд, иргэний нийгмийн байгууллагууд тус санаачилгад нэгдэж, Монгол Улсад Жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсоох тал дээр хамтран ажиллаж иржээ.


Холбоотой мэдээ