Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг ДНБ-ий 4 хувьд хүргэхийг зорьж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2022-11-30 13:57:03

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Соёлын яамнаас өнөөдөр "Соёл бүтээлч сар"-ын хаалтын үйл ажиллагааг хийв. Энэ хүрээнд “Аж үйлдвэрийн IV хувьсгал-Соёлын бүтээлч үйлдвэрлэл” зөвлөгөөнийг МҮХАҮТ-д зохион байгууллаа.


Зөвлөгөөнөөр “Үндэсний контент-өрсөлдөх чадвар”, “Соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний тэнцвэртэй урсгал”, “Бүсчилсэн хөгжил-Соёлын орон зай”, “Бүтээлч хот-Үндэсний дүр төрх” гэсэн 4 сэдвийг хөндөн, илтгэл хэлэлцүүллээ. Зөвлөгөөний талаар Соёлын яамны Соёлын бүтээлч үйлдвэрлэл, инновацийн хэлтсийн дарга Г.Батхуягаас тодруулав.


Тэрбээр хэлэхдээ, манай дотоодын үндэсний контент үйлдвэрлэгч нар хийц, ур чадварын хувьд гадаадын контентуудтай өрсөлдөхүйц хэмжээнд байж, бүр илүү ч байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ энд үндэсний соёлын агуулга дутагдаж байна. Мөн гадаад, дотоодын контентын харьцаа зохистой бус хэмжээнд байгаа зэрэг учир дутагдалтай, гадна дотны нөлөөлж буй хүчин зүйл их байна. Тиймээс бид үндэсний контент буюу соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх дээр цаашдаа өөрийнхөө боломжоор явж чадах уу гэсэн тулгамдсан асуудлыг өнөөдрийн зөвлөгөөнөөр хэлэлцэж байна гэв.



 Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд эхлээд технологийн дэд бүтцийг байгуулах шаардлагатай байна.


-Дотоодын контентоо хамгаалах үүднээс гадаадаас орж ирж буй хүчтэй өрсөлдөөний урсгалыг хязгаарлах уу?

-Үүнийг хязгаарлахгүй, харин тодорхой хэмжээгээр зохицуулж, аль нэг улсынх давамгай бус байдлаар, зэрэгцэн дотоодын контентынхаа тоо, чанарыг сайжруулж нэмэгдүүлэх байдлаар хоорондын зохистой харьцааг барьж ажиллана.


-Соёлын бүтээлч үйлдвэрлэлээс хэдий хэмжээний орлого олох вэ? Мөнгөн урсгалыг хэрхэн тооцож байна вэ?

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ соёлын бүтээлч үйлдвэрлэгч нартай уулзах үеэр Монголбанкны төлбөрийн тэнцэл дээр соёлын бүтээлч үйлдвэрлэлийн орлого гэдгээр энэ салбар нь давхар орлого олдог байх үүрэг даалгаврыг өгсөн. Бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдгээр энд бусад үйлдвэрлэлээс илүү, 10 дахин их хөрөнгө босгох боломжтой. ДНБ-ий хувь хэмжээгээр ярих юм бол 2021 оны байдлаар 1.4 хувийг бүрдүүлсэн гэж үзэж байгаа.


Гэхдээ энд бид бодит байдлыг тооцохын тулд суурь судалгааг гаргах юм. Соёлын үйлдвэрлэлийн салбараас олох орлогыг мөнгөн дүнгээр тооцохын тулд эдийн засгийн олон улсын стандарт ангиллуудыг нэвтрүүлэх шаардлагатай байгаа. Соёлын үйлдвэрлэлээ хөгжүүлэхийн тулд эдийн засгийн бие даасан олон салбарын ангиллыг юуны өмнө тодорхойлох хэрэгтэй болж байгаа. Нэг ёсондоо эдийн засгийн ойлголтоор ярихын тулд эдийн засгийн хэлээр ярих шаардлагатай.


Энэ утгаар бид дээр дурдсан ДНБ-д эзлэх 1.4 хувийг 2030 он гэхэд 4 хувьд хүргэхийг зорьж байгаа. Ингэхийн тулд салбар дундын маш олон зохицуулалтыг хийж, бодлогын шийдвэрүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Энэ чиглэл зорилго руу бид ажиллана гэв.

Соёлын яамнаас энэ оны 8 дугаар сард Засгийн газраас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх арга хэмжээ 2030 он хэрэгжүүлэх төлөвлөгөөг батлуулсан. Энэ төлөвлөгөөгөөр салбар дундын зохицуулалтыг бий болгож буй. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бий болгох талаар бүх яам, агентлаг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй учир энд хамтын хүчин чармайлт бүхий оролцогч талуудын үйл ажиллагаа чухал байна.


Зөвлөгөөнд оролцогч нар үндэсний контент, агуулгыг үйлдвэрлэгч нарт зориулсан хамтын оффис буюу үйлдвэрлэлийн дижитал дэд бүтцийг эхний ээлжинд бий болгон дэмжих шаардлагатай байгааг хэлж байна.  

Холбоотой мэдээ