Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд оролцоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
btlnmn@yahoo.com
2022-12-02 14:11:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 3-нд Токио хотноо болох Дэлхийн эмэгтэйчүүдийн 6 дугаар чуулганд оролцоно.


Олон улсад нэр хүндтэй удирдагчид, манлайлагчид, иргэний нийгмийн болон бизнесийн төлөөллийг оролцуулан жендэрийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг дээшлүүлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлыг авч хэлэлцдэг энэхүү чуулганыг Япон Улсын Засгийн газраас 2014 оноос эхлэн зохион байгуулж ирсэн. Энэ удаагийн чуулганд Исланд Улсын Ерөнхийлөгч Гудни Ёханнессон, Молдав Улсын Ерөнхийлөгч Майя Санду, НҮБ-ын ЕНБД-ын орлогч бөгөөд НҮБ-ын эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн гүйцэтгэх захирал Сима Бахус нар оролцоно. Мөн Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Өндөр түвшний хэлэлцүүлэгт оролцож үг хэлэхээр төлөвлөж байна.


Өнгөрсөн жилүүдэд энэхүү Дэлхийн эмэгтэйчүүдийн чуулганд Аргентины дэд Ерөнхийлөгч Габрила Инчет, Бангладешийн Ерөнхий сайд Шейх Хасина, Болгарын Шадар сайд Екатрина Захарова, Польш, Хорват, Индонез, Австрийн Гадаад хэргийн сайд, мөн Тэргүүн хатагтай Мишель Обама, Нобелийн энх тайвны шагналтан Малала Юсуфзай, Тавакел Карман нар уригдан оролцож байсан болно.

Холбоотой мэдээ