ОРОН НУТИЙН ТӨСӨВ: Өвөрхангай аймаг төрийн захиргааны албан хаагчдын цалинг 40 хувиар нэмэгдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-12-05 16:11:17

Өвөрхангай /МОНЦАМЭ/. 2023 онд төрийн албан хаагчийн цалин хөлсний тогтолцооны шинэчлэлийг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан аймгийн төсөвт дараах онцлогийг тусгалаа.


Тодруулбал, орон нутгийн төсвөөс санхүүждэг төсөвт байгууллагын төрийн захиргааны албан хаагчдад орон нутагт ажилласны нэмэгдлийг албан тушаалын сарын үндсэн цалингийн 40 хувиар бодож орон нутгийн төсвөөс сар бүр олгохоор тогтоолоо. Ингэснээр хэвтээ удирдлагатай төрийн захиргааны албан хаагчид албан тушаалын цалин дээр орон нутгийн нэмэгдэл, төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл, зэрэг дэв, бусад нэмэгдлүүдийг тооцон цалин авахаар болж байна. Мөн төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангах, дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй төрийн үйлчилгээний албан хаагчдын үндсэн цалинг 6 хувиар нэмэгдүүлэхээр тооцжээ.


Төрийн албан хаагчийн төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг 5 хувийн давтамжтай 25 хүртэл хувиар олгодог одоогийн зохицуулалтыг шинэчилж, ажилласан жилээр нь тооцож нэмэгдлийг олгох аж. Төрийн захиргааны албан хаагчийг орон нутагт ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх, тогтвор суурьшилтай ажиллах, хотоос орон нутагт шилжин суурьшихыг дэмжих зорилгоор орон нутгийн нэмэгдлийг 20-100 хувиар тооцож олгохоор болжээ. Цалингийн нэмэгдэлд орон нутгийн төсвөөс 976.2 сая төгрөг нэмж төсөвлөсөн байна.  

Холбоотой мэдээ