Нүүрсний хэрэгтэй холбогдуулж хууль хяналтын байгууллагынхан мэдээлэл өгөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
b.tuul@montsame.gov.mn
2022-12-07 17:15:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. АТГ, Шүүх, Прокурорын байгууллагын зүгээс нүүрсний хэрэгтэй холбоотой асуудлаар өнөөдөр 17 цагийн үед Төрийн ордонд мэдээлэл хийлээ. 


Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар мэдээллийн эхэнд хэлэхдээ “Нэгдүгээрт нүүрсний гэрээг хийхдээ хэн нэгэнд давуу байдал үүсгэсэн үү, хоёрдугаарт төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа үйлчилгээ худалдан авах холбогдох журмыг ноцтой зөрчсөн үү, тээвэрлэлт зохих дүрмийн дагуу явагдсан уу, гуравдугаарт тээвэрлэлтэд яваа тээврийн хэрэгслийн эцсийн өмчлөгч хэн бэ, дөрөвдүгээрт хууль бусаар хилээр гаргасан гэх нүүрсний тоо хэмжээний талаарх бодит мэдээллийг аль болох хурдан шуурхай гаргаж өгөх хэрэгтэй. Мөн энэхүү хэрэгт холбогдсон байж болзошгүй улстөрчдийн нэрсийг ил болгох нь зүйтэй. Үүний зэрэгцээ уг хэргийн тухай мэдээллийг анх цацсан УИХ-ын гишүүн Т.Доржхандаас мэдээллийн эх сурвалжийг нягтлах хэрэгтэй. Шаардлагатай гэж үзвэл уг хэрэг дээр ажиллаж буй ажлын хэсгийг Цагдаагийн Ерөнхий газрын “Сүлд” чуулгын байранд ажиллуулахад бэлэн. Та бүгд иргэдийн дунд үүсээд буй энэ бүх асуудлын эргэлзээг тайлж өгөх нь зүй юм. Гэхдээ хурдан шуурхай ажиллаж байна гээд хэн нэгнийг хэлмэгдүүлж болохгүй” гэлээ.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Ариунболд “Нүүрсний гэх хэрэг дээр хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна. Ажлын хэсэг тагнуул, АТГ, цагдаагийн газрын алба хаагчдаас бүрдэж байгаа ба прокурор хяналтаа тавьж ажиллаж байна. Одоогоор хууль хяналтын байгууллага нотлох баримт цуглуулж байна. Шүүх гэм буруутайг тогтооно. Бид хуулийнхаа дагуу ажиллаж байна. Бид эл хэргийг аль болох богино хугацаанд шийднэ” гэв.


Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Шүүх гэм буруутайг нь тогтоогоогүй байхад хэн нэгний нэрсийг салбарын сайд байлаа гээд нэрлэх боломжгүй" гэсэн тайлбарыг хийв.
Холбоотой мэдээ