ОРОН НУТГИЙН ТӨСӨВ: 2023 онд Сэлэнгэ аймаг нийтдээ 47.7 тэрбум төгрөг зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-12-07 20:33:23

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Энэ сарын 5-ны өдөр хуралдсан Сэлэнгэ аймгийн ИТХ-ын XIII хуралдаанаар Сэлэнгэ аймгийн 2023 оны төсвийн төслийг хэлэлцэн баталлаа.


Тус хуралдаанаар Сэлэнгэ аймгийн 2023 оны төсвийг 52.0 тэрбум төгрөг байхаар баталлаа. Үүнээс улсын төсөвт 4.3 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, ирэх онд нийтдээ 47.7 тэрбум төгрөг зарцуулах төсөв баталсан байна.


Сэлэнгэ аймаг энэ жил төсвийн орлого талдаа нийт орон нутгийн хөгжлийн сангийн орлогыг 4.3 тэрбумаар нэмэгдүүлж авч чадсан байна. Мөн зарлага талд улсын хэмжээнд Засгийн газрын тогтоолоор цалинг 20 хувь нэмэгдүүлжээ. Харин бусад эрхийг орон нутагт шилжүүлсэнтэй холбоотойгоор цалингийн эрхийг дахиж 30 хувь буюу Засаг даргын эрх мэдлийн хүрээний, мөн ИТХ, ЗДТГ зэрэг байгууллагад ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчдын цалинг 50 хувь хүртэл нэмэгдүүлсэн аж.


Үүнтэй холбоотойгоор 3.3 тэрбум төгрөгийн төсөв нэмэгдэж тавигдсан байна. Мөн сумдад олгох санхүүгийн дэмжлэгийг 3 тэрбумаар нэмэгдүүлж баталжээ.


Аймгийн удирдлагуудын зүгээс Сүхбаатар сумын 2023 оны төсөвт ихээхэн анхаарал хандуулсан байна. Тодруулбал, Сүхбаатар суманд аймгийн орон нутгийн хөгжлийн сан, аймгийн хөрөнгө оруулалт, замын сан гэх мэт хөрөнгө оруулалтын зардлыг 4.6 тэрбум байхаар баталж өгчээ. Энэ бол аймгийн хувьд томоохон сум болох Мандал сумын хөрөнгө оруулалтын төсвөөс 3.5 дахин их байгаа аж.


Сэлэнгэ аймаг энэ удаа улсын хэмжээнд гуравдугаарт орох хэмжээний цалингийн өсөлтийг тавьж чадсан гээд нэлээд онцлог төсөв баталжээ.

Холбоотой мэдээ