УБТЗ экспортын шинэ тээврийг эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-12-09 13:07:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Экспортын шинэ тээврийн галт тэрэг өнөөдрөөс БНХАУ руу аялж эхэллээ. Тодруулбал, урд хөршөөс орж ирсэн импортын барааны суларсан чингэлгүүдэд экспортын бараа ачсан буухиа гал тэргийг БНХАУ-ын талд хүлээлгэн өгөх анхны тээврийг УБТЗ ХНН өнөөдөр зохион байгуулав.





Энэхүү экспортын шинэ тээврийн анхны галт тэргийг үдэн гаргах ёслол УБТЗ-ын Төв буудалд болж, УБТЗ ХНН-ийн удирдлага оролцож, экспортын галт тэрэгний машинист нарыг үдэж гаргалаа. Энэ жил УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын алба үүсэн байгуулагдсаны 70 жилийн ой тохиож буйг ёслолд оролцсон УБТЗ ХНН-ийн нэгдүгээр орлогч дарга И.В.Милостных онцолж, өнөөдрийн экспортын галт тэргийг тус ойн нэрэмжит болгож буйг хэллээ.




Экспортын галт тэрэгний эхний цувааны талаар УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос тодруулахад, БНХАУ-аас орж ирж буй импортын бараа ачсан чингэлгийн 95 хувь хоосон буцдаг байсныг экспортын ачаа бараагаар бүрдүүлсэн цуваа болгон буухиа галт тэрэг гаргаж байна гэв. Ингэхдээ галт тэрэгний хоосон чингэлгүүдийг Улаанбаатар хотын төмөр замын Амгалан өртөөний логистик төвийн нэг терминалд цуглуулан ачааг бүрдүүлжээ. Ийм галт тэргийг бүрдүүлж илгээн Хятадын төмөр замд хүлээлгэн өгөх талаар хоёр талын түвшин нилээдгүй хугацаанд ярилцан шийдвэрлэсэн байна.




Цаашдаа сард 4-5 галт тэрэг, нэг галт тэрэг багадаа 50 вагонтойгоор, уул уурхай, эрдэс баялгаас гадна өнөөдрийнх шиг хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн экспортын бүтээгдэхүүнийг тээвэрлэх юм.




Экспортын шинэ тээврийн галт тэрэг нь 3440 тонны жинтэй, 70 чингэлэг, мөн 70 вагонаас бүрдэж эхний ээлжинд ноос, өөхөн тос, самар, хивэг, рапс зэрэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн ачин гаргаж байна. Үүний үр дүнд нэг галт тэрэгнээс 57.3 сая төгрөгийн орлого олж, экспортын ачаа тээвэр 2.4 дахин нэмэгдэж, төмөр замын тээврийн ашгийг өсгөхөөс гадна манай улсын үйлдвэрлэгч, бизнес эрхлэгчдийг дэмжиж буй онцлогтой тээвэрлэлт болж буйг УБТЗ ХНН-ийн удирдлага тэмдэглэн хэлж байна.



Эх орны бараа бүтээгдэхүүн ачсан чингэлэг бүхий экспортын тээврийн галт тэргийг 7 хоногт нэг удаа явуулж байхаар зохион байгуулж буйг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогт мэдээллээ. Манай улс урд хөрш рүү экспортын галт тэргийг явуулж шинэ тээвэр эхлүүлж буйтай зэрэгцэн, мөн хойд хөрш рүү манай улсаар дамжин өнгөрч буй чингэлгийн 2022 дахь гал тэргийг ОХУ-ын талд хүлээлгэн өгөх үйл ажиллагаа төмөр замын Сүхбаатар өртөөнд давхцан болж буйг тэрбээр онцоллоо.




УБТЗ ХНН Монгол Улсаар дамжин өнгөрөх чингэлгийн буухиа галт тэрэгний тээврийг сүүлийн жилүүдэд эрс нэмэгдүүлэн ажиллаж байна. Тодруулбал, 2015 онд УБТЗ 75 дамжин өнгөрөх чингэлгийн галт тэрэг аялуулж байсан бол 2020 оноос эхлэн 2000-аас илүү дамжин өнгөрөх чингэлгийн галт тэргийг аялуулж транзит тээврийг урсгалыг тогтворжуулжээ.

Улс орнуудад хийгдэн, дамжин өнгөрч буй төмөр замын транзит тээврийн төлбөр тооцоо нь гадаад валютаар хийгддэг, өндөр ашигтай байдаг тул энэ нь манай улсын хувьд валютын нөөцийг бүрдүүлэхэд тодорхой хэмжээгээр хувь нэмэр болно гэдгийг хэллээ. 




Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ